ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг 21 хоног тусгаарласны дараа байцаалт авна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-03

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 241 зорчигч тээвэрлэн хүргэсэн бол Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 266 зорчигч тээвэрлэн ирж байгаа билээ. Бүх зорчигчийн биеийн халууныг бүртгэлийн цэг, агаарын хөлөгт нэвтрэхийн өмнөх гарц дээр хэмжсэн ба халуунтай зорчигч байгаагүй аж.

Улсын Онцгой комиссоос коронавирусийн оношилгоог нислэг дундуур хийхээр шийдвэрлэсний дагуу оношилгоо хийнэ гэдгийг МИАТ компаниаас мэдээллээ.

Нислэг өнөөдөр 15.50 цагт буухаар төлөвлөсөн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Асашёрюү Д.Дагвадорж нарын олны танил хүмүүс ч ирж байгаа аж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг онгоцноос буусан даруйд 21 хоног эмнэлгийн орчинд тусгаарлах юм байна.

Үүний дараа түүнийг цагдан хорих, мөн шалгах эсэх асуудал яригдана гэдгийг АТГ-аас мэдэгджээ. Түүнд Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татах тогтоол үйлдсэн бөгөөд гурван ч удаа зарлан дуудах хуудас явуулжээ.

Хоёр удаа төрсөн хүү Э.Эрдэнэд, нэг удаа гадаадад байх хаягаар нь зарлан дуудах хуудас явуулсан ч хүндэтгэн үзэх шалтгаангүй атлаа байцаалт өгөхөөр дуудсан хугацаанд ирээгүй учраас Интерполоор эрэн сурвалжилж эхлээд байсан юм. Тэр жил гаруйн хугацаанд Монголын хуулиас зугтсан ч гадны улс оронд өвчин гарч эхэлсэн даруйд эх орондоо ирэхээр шийдсэн нь энэ ажээ. Мөн түүнийг АН-ын хэсгийн хороодын гишүүд тосно гэх мэдээлэл соошл орчинд гарсан нь огт үндэслэлгүй ташаа мэдээлэл юм байна.

Б.Тогтох