ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Энхзаяа: Нийтдээ 1484 иргэн ажиглалтад байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-04-09

Цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр цахимаар мэдээлэл хүргэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас дэлхий нийтэд тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 2 цаг тутамд чанга яригчаар сэрэмжлүүлэг зөвлөгөөг хүргэж, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн “Нэг хот -нэг стандарт” зорилтын хүрээнд “Амны хаалтаа тогтмол зүүж, covid-19 халдвараас сэргийлье”, “Ой хээр өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлье” зэрэг уриалгыг гаргажээ.

Дэлхийн олон улсад тархаад буй covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар халдвараар өвчилсөн 16 тохиолдол илэрсэн бөгөөд нийт 1484 иргэн ажиглалтад байгаа талаар , НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа мэдээллээ. Тэрбээр хэлэхдээ “Сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн. Нийт 4 иргэн бүрэн эмчлэгдэж гарсан. Гэхдээ тайвширч болохгүй үе учраас иргэд амны хаалтыг байнга хэрэглэж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах шаардлагатай” гэдгийг онцолсон юм. Түүнчлэн Covid-19 халдварын үед иргэд хувийн ариун цэврийг сайтар хангаж, эрүүл мэндийн газраас өгсөн зөвлөмж мэдээллийг дагаснаар томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгааг дурдлаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “ Нийслэлийн хэмжээнд “Хотын соёл” аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд ил задгай бие засахгүй, олон нийтийн газар нус шүлсээ хаяхгүй байхыг уриалж байна. Ингэснээр томуу, томуу төст өвчлөлийн тоо эрс буурч байгаа эерэг үзүүлэлт гарсан байна. Цаашид коронавирусийн халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, ариун цэврээ тогтмол хангах хэрэгтэй” хэмээгээд иргэдээс ирсэн асуултад хариулав.

Угаарын хий мэдрэгчийн үлдсэн 65 мянган ширхэгийг хэзээ тарааж бэ гэдэг асуултад тэрбээр хариулахдаа “Монгол Улсын хил дээр 65 мянган угаарын хий мэдрэгч ирсэн. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 7 хоног битүүмжилж ариутгаад айл өрхүүдэд тараана. Ирэх 7 хоногт тарааж дуусна” гэлээ.