ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Пүрэвдорж: Туулын эрэг дагуу газар авсан компанийн ард С.Амарсайхан дарга байгаа 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-27

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Туул голын сав газар дагуу хууль бусаар олгосон газрын асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр манай сонин анх хөндөж тавьсан НИТХ-ын дарга С.Амарсайханы Зайсанд эзэмшиж буй газрын асуудлыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мөн дахин хөндсөн юм.

Тэрбээр, “Сар гаруйн өмнө газар олголттой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Өнгөрсөн хугацаанд Байгаль орчны сайдаар манай намаас гурван хүн сайдаар ажилласан, үлдсэн хугацаанд танай Ардын намаас сайд ажилласан. Эдгээр хүмүүс хариуцлагагүй байсан гэдгийг хэлснийг Үндэсний телевиз хасч танаад зөвхөн АН-ын сайд нар хариуцлагагүй гэдгийг гаргаж байна лээ. М.Оюунчимэг дарга та өөрөө хэвлэлд ажиллаж байсан учраас аргагүй биз.

Туул голын ай сав газар улсын тусгай хамгаалалттай газарт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Туул голоос хойшхийг нь Хотын захиргаа өгч байгаа. Хотын захиргаа буюу өнгөрсөн дөрөвхөн жилийн хугацаанд Э.Бат-Үүл дарга ажиллахдаа газар өгөөгүй. Харин ихэнхи газрыг манай энхрий хайрт МАН-ынхан өгсөн л дөө. Өргөдлийн байнгын хороо газар олголтын асуудлыг хэлэлцэж байгаа.

Гэхдээ ядарсанд нь арга хэмжээ аваад, задарсныг нь орхиод байх юм. “Зүүнбаян рефайнери” компанийн ард С.Амарсайхан дарга байгаа гэж хэвлэлээр гарч байна. Би шалгасан үнэн юм билээ. Су.Батболд энэ газрын захирамжийг хүчингүй болгож чадахгүй. Өөрөө огцрох учраас тэр шүү дээ. Ядарсан нэгнээ л дээрэлхэх атлаа, задарсан нэгнээ яаж ч чадахгүй юм. Өргөдлийн байнгын хороо бүхэл бүтэн ийм асуудал болж байснаа хотын удирдлагынхаа газрыг чөлөөлж чадахгүй шүү дээ” гэв. Мөн Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. “Зүүнбаян рейфанери” компанийн асуудлыг шалгаж үзсэн. С.Амарсайхан дарга байдаг нь үнэн юм билээ. Бид газар дээр нь очиж шалгасан” хэмээлээ.