ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН залуучууддаа боломж олго, үгүй бол...

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-07-02

УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд Ардчилсан нам дараалан ялагдлаа. Хатуухан хэлэхэд, улстөрийн тавцангаас арчигдах шахаж байна. Удирдлагын буруу арга барил, явуургүй улстөржилт энэ намыг ийм болтол нь туйлдууллаа. Нэг үгээр хэлэхэд, Ардчилсан нам ард түмнээс үнэлэлт, дүгнэлтээ  авлаа. Монголын улс төрийн хоёр дахь том хүчний нэр хүнд  ямархэмжээнд хүрснийг олон нийт мэдлээ, харлаа. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас улбаатай, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч Ардчилсан нам арай ч ийм хэмжээнд хүртлээ доош орно гэж хэн саналаа. Фракциудын талцал, намын дарга нар нь намыг хувийн компани мэт үзэж, гишүүдийн үзэл бодлыг үл хүндэтгэдгээс болж сонгуульд “бараагүй хусуулах” хэмжээнд очсон нь хатуу боловч үнэн. АН-д МАН-ыг “нокаут”-д оруулж байсан үе бий. Харин өөр өөрсдийн дур зоргоор улстөр хийдэг лидерүүдийнхээ хар гайгаар ингэтлээ шалдаа бууна чинээ санасангүй. Муу дээр муу гэгчээр С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсноос хойш энэ нам “нар үзсэнгүй”. Хувийн тоглолт, хувийн араншингаар намыг удирдаж болохгүйг сонгогчид энэ удаа хатуухан санууллаа. Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Р.Амаржаргал хэн нь ч байлаа гэсэн энэ намыг өөд татахаасаа өнгөрчээ. Тэдний үе дууссан байна. Ардчилсан намд мянга мянган шилдэг залуу боловсон хүчнүүд бий. Хэн ч маргахгүй. Гэхдээ С.Эрдэнийг унасан дээр нь өшиглөж, хэвлэлийн хурал зарлаж сүржигнэсэн хэн ч үл таних залуус биш, эхнээс нь тэмцэж, намын дотоод ардчиллын төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж явсан залуу улстөрчид л энэ намыг шинэчилж чадна. Намыг шинэчлэхгүйгээр ямар ч амжилтад хүрч чадахгүй гэдгийг тэр залуус хэлж байна. Ардчилсан намын гишүүн мөртлөө намаасаа биш бие дааж нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн П.Галиндэв, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Доржпүрэв мэтийн хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болдог залуус л намаа шинэчилж чадна. Тэд 2020 оны сонгуулийн саналаа луйвардуулаагүй бол АН, МАН-ын лидерүүдийг ардаа орхиж чадсанаа харуулсан. Сая тангараг өргөж, УИХ-ын гишүүн болсон хүмүүсээс хэдэн арван мянган хүний санал илүү авсан. Та ч харсан, би ч харсан. Түмэн олон мэднэ. Бас гэрчилнэ.

Ардчилсан нам одоо ялагдалдаа гутраад хөлөө жийгээд суух уу. Аль  эсвэл  намдаа их цэвэрлэгээ хийх үү. Мэдээж хоёр дахь хувилбарыг сонгох нь тодорхой. Гэхдээ өнөөгийн бүтэц, бүрэлдэхүүнээрээ бол шинэчлэлийг эхлүүлж, их цэвэрлэгээг хэзээ ч хийж чадахгүй.  Намын дотоод ардчиллыг бэхжүүлж, дотоод эв нэгдлээ хангах нь хамгаас чухал байна. Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Ж.Батзандан, Л.Болд, С.Баярцогт зэрэг хэд хэдэн улстөрчдөө намаасаа хөөж, хувийн тоглолт хийх боломжийг хэн тэдэнд өгсөн бэ. Намын дарга толгойлж, ҮБХ-ны гишүүд аялдан дагалдсан. Р.Амаржаргал, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар ч намын даргынхаа эсрэг санал өгсөн гэдэг “номинаци”-аар намаасаа хөөгдөх шахаж явсан үе бий. Өнөөдөр Ардчилсан нам хэнээр удирдуулах вэ гэдэг торгон ирмэг дээр ирээд байна. 2024 оны сонгуульд ялалт байгуулахын тулд хэн энэ намыг удирдаж, нэг гарт зангидаж чадах вэ. Дарга болно гэж ил цагаан зарлаад яваа Ц.Оюунгэрэл үү, түүнийг дэмжигч Ц.Оюундарь уу, тамгаа түр атгаж яваа Ц.Туваан уу. Сонгуульд ялагдсан Х.Тэмүүжин үү. Аль нь ч биш. Ардчилсан нам хөөгдсөн гишүүдийнхээ хэнд нь “хадаг барьж” гуйх вэ.

Ардчилсан намыг өөрчилж, шинэчлэх, дотоод эв нэгдлийг нь хангаад хамгаалаад явах залуустаа л найдах ганцхан зам үлдлээ.  Бүх зүйлийг 1990 оны ардчилсан хувьсгалаар төсөөлөн  эндүүрч, улиг, домог болж, үеэ элээсэн хэдэн ахмад гишүүдээс магадгүй хэн нэг нь “би чадна” гэх биз. Чадахгүй гэдгийг нь сануулахад гэмгүй. Тэд өөр өөрсдийн цаг үетэй байсан. Тэр цаг үедээ төрийн өндөр албан тушаал, сэнтийд бүгдэд нь суусан. Намаа удирдсан. Гэвч байдал дээрдэх нь бүү хэл сонгууль бүрт ялагдал хүлээсээр л байна. Намын дарга хүн хуучинсаг арга барил, өөрсдийн эрх ашигт нийцүүлэн боловсруулсан дүрэмд бус нийт гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жинхэнэ лидер хүн л байх ёстой. Яг өнөөдрийн сөрөг хүчнийхээ дарга, генсекээс илүү чадварлаг, сайн менежер хүн л Ардчилсан намыг улстөрийн тавцангаас арчуулчихгүй аваад явж чадна. Тийм залуус энэ намд олон бий. Тэдэнд боломж олгоод үз. Ирэх намар орон нутгийн сонгууль болно. Эндээс намын шинэ даргын чадал, чадвар чансаа харагдах учраас маргааш гэж хойшлуулалгүй намаа цэвэрлэ. Залуустаа боломж олго.  Үгүй бол...