ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг буцаалаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-08-27

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, олонхийн саналаар буцаалаа. Тус хуулийн төслийг Засгийн газар 2020 оны наймдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.

Х.Нямбаатар: / ХЗДХ-ийн сайд/

-УИХ-д хэлэлцэх шаардлагатай шүүхийн тухай дөрвөн хууль бий. Мөн Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл байгаа. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэж, батлах ёстой. Одоогоор Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа. Үүнээс болж хэрэг шийдвэрлэх хугацаа удаан байна. Одоогийн байдлаар 2400 гаруй хэрэг хуримтлагдсан. Мөн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах эрхийг өгөх ёстой.

Б.Энхбаяр: /УИХ-ын гишүүн/

-Ямар хүний захиалгаар гэнэт ээлжит бус чуулганаар Шүүхийн тухай хуулийг яаралтайгаар оруулж ирэв. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах , танхим хооронд сэлгэх эрх өгөх гэж байна. Шүүх хараат бус байна гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байхыг ч хэлнэ. Шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс бол шүүгчид өөрсдөө гэж гарсан шүү дээ. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна гэж ойлгож болно. Дуртай хэрэгт дуртай шүүгчээ оруулах эрхийг өгөх гэж байна шүү дээ.

Б.Пүрэвдорж: /УИХ-ын гишүүн/

-ХЗДХ-ын сайдын хуульд гар дүрдэг асуудал хэрээс хэтэрч байна. Сайд та хөөн хэлэлцэх хугацааг таван жил болгож бууруулсан шүү дээ. Үүнээс чинь болж 800 гаруй хэрэг хэрэгсэхгүй болсон. Мөн 1500 гэмт хэрэгтэн бидний дунд явж байна. Үүнийг засна гэж бөөн шоудсан. Г.Занданшатар: /УИХ-ын дарга/ -Энэ хуулийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өргөн бариагүй. Өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан.