ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.ГАНБАТ: Шилэн данс болон тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барина

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-03-22

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Хурлын талаар бүлгийн дарга Д.Ганбат “Хуралдаанаар Шилэн дансны тухай хууль болон Өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй болгох хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Шилэн дансны тухай хуулийг яаралтай сайжруулах хэрэгтэй. Таван саяас доош мөнгө хэрхэн зарцуулагдсан нь мэдэгдэхгүй, хяналтгүй байна. Тиймээс АН-ын бүлэг хуулийн төсөл боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүллээ. Татвар төлөгчдийн өгч байгаа нэг төгрөг ч хяналтад байх ёстой. Түүнчлэн өндөр настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянгаас доошгүй байлгүй хуулийн төслийг яаралтай өргөн барих нь зүйтэй гэж үзэж хуулийн төсөл боловсруулсан. Мөн Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.

АН-ын бүлэг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсох хүсэлтээ ЗГХЭГ-т илгээсэн. МАН-ын бүлгийн хурлаар төлөвлөгөөний талаар Ерөнхий сайд танилцуулсан байна. Энэ мөнгө УИХ-ын хяналтаас гадуур явж байгаа. Цар тахлын хууль баталснаар төсвийн мөнгийг маш үр ашиггүй зарцуулж байгаа. Ковидын нөхцөл байдал ямар байгааг бид харж байна” гэв.