ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: Та нар хэтэрхий өндөрт гарчээ, их өндрөөс унахаар тархи хөдөлдөг юм

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-04-22

УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр буюу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй гэсэн асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудлын эхэнд Цэцийн гишүүн Д.Солонго хуралдааны шийдвэр, үндэслэлийг танилцуулсан юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Бага суудлын хуралдаанд байгаа хугацаа нь дууссан хүн, УИХ-ын өмнө нээнтэгтэй хүмүүсийг оруулж ирж гар хөлөө болгон, хүссэн шийдвэрээ гаргуулж байна, та нар. Үндсэн хуулийн цэц УИХ-д хичээл заадаг байгууллага биш. Та нар Цэцийн дунд суудлын хуралдааныг Ц.Нанзаддоржоор яагаад хурал даргалуулаагүй юм. Яагаад Д.Одбаяр хурал даргалсан юм. Цэцийн дээр хөх тэнгэр байх ёстой гэдэг. Гэтэл та нар эрх баригч намын дор орчихсон сургуультай нохой болчихсон байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхболд: Дунд суудлын хуралдааныг дөрөвдүгээр сарын 16-ны өдөр зарласан. 09.30 гэхэд Цэцийн гишүүд орж ирэх байсан учраас бид хүлээсэн юм. Гэвч нарийн бичиг нь орж ирээд Цэцийн нэг гишүүн хуралдаанаас татгалзлаа гэж хэлсэн. Би УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар “Хэн гэдэг хүн татгалзсан, яагаад ийм шуурхай хэлэлцэх асуудлыг хойшлуулав” гэдгийг тодруулсан. Гэвч Нарийн бичгийн дарга нь “хэн гэдгийг хэлэх боломжгүй” гэсэн хариулт өгч, бид 15.00 цаг хүртэл хойшилсон. Үдээс хойш хуралдаан эхлэхэд л Ц.Нанзаддорж гишүүн татгалзсаныг мэдсэн юм. Ингээд Цэц өөрөө шийдээд Ж.Эрдэнэбулганыг оруулж ирсэн юм билээ. Бид тэрийг оруул, энийг соль гэж хэлэх эрхгүй. Д.Солонготой холбоотой асуудлыг би мэдэхгүй. Хугацаа нь дууссан гэх асуудлыг УИХ-аар оруулж ирээд шийднэ. УИХ-аар шийдэх хүртлээ ажлаа хийгээд явдаг.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: АН-ын зүгээс нэг намын дарангуйлал яриад байх юм. Ерөнхийлөгчийг дахин нэр дэвших эсэхтэй холбоотой асуудлыг ХҮН өгсөн. Тэгэхээр Т.Доржханд гишүүн байр сууриа илэрхийлээч. Хуулийн дээр гарчихсан нэг хүний асуудлыг л ярьж байна шүү дээ. 50 мянган ам.доллар төлсөн гэх асуудлыг хөндөөд байна. Ц.Туваан гишүүн орчихсон явж байна лээ. Ц.Туваан гишүүн би гарын үсэг зураагүй гэж байна. Гадны лобби компаниудыг Монголын сонгуульд оролцуулж, өнгөт хувьсгал хийх гээд байгаа юм уу. Зэвсэгт хүчний жанжин штаб дээр очдог, тэр газар нь улстөржиж орж ирдэг. Цар тахлын хүнд үед улс төрийг ийм увайгүй байдлаар хийж болох юм уу. УИХ-аас ажлын хэсэг гаргах юм уу, яах юм. Манай дотоодын сонгуулийн үйл ажиллагаанд хоёр сарын гэрээ байгуулж зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэсэн гадна компаний талаарх асуудлыг тодруулах ёстой. АН-д ямар үйлчилгээ үзүүлэх юм бэ.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би гурван зүйл хэлье. Хуулийн талаасаа тоглоом явж байгааг би Байнгын хороонд хэлчихсэн. 30 жилийн өмнө нэг намын дарангуйллыг устгая гэж би Их сургуулийн багшийн ажлаа өгөөд орж ирсэн юм. Гэвч өнөөдөр бол эмгэнэлтэй дүр зургийг харж байна. Хэд хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн улс төрийн хүчин нэр дэвшигч өрсөлдүүлэх эрхтэй. Гэтэл та нар тэр дөрвөн намаас тоглож байна шүү дээ.

АН-ыг Засгийн газрын агентлаг буюу Улсын бүртгэлийн газраа ашиглан өөх ч биш булчирхай ч биш болгоод хаялаа. АН-д танай У.Хүрэлсүхтэй өрсөлдөж чадах хүн олон байгаа учраас та нар тэр намаар тоглож байна. ХҮН-аар Цэцэд өргөдөл өгүүлсэн юм байна. Тэгж уншлаа. МАХН-ыг өөртөө нэгтгэж, С.Ганбаатарыг л нэр дэвшүүлэхгүй гэж чичирч байна. Ингээд харахаар МАН намуудын дээр гарчээ. Коронад санаа зовж байгаа хүн алга аа. ҮАБЗ дөрвөн сар хуралдаагүй. Гэтэл ямар ч тохиолдолд ҮАБЗ бол хуралдаж, асуудлаа ярилцах ёстой. Гэтэл нам нь төрийн дээр гарч суужээ. Монголын төр ингэж доройтно гэж бодсонгүй. Та 62 ч биш танай Удирдах зөвлөл бүх юмыг шийддэг болжээ. Танай 62 ч бас хэцүү болж дээ, чааваас. Цэц яах вэ дээ, чааваас. МАН-ынхны дутууг нь гүйцээж, дундуурыг нь дүүргэдэг хавсарга маягийн гар хөл болсон байгууллага. Та нар хэтэрхий өндөрт гарчээ. Их өндрөөс унахаар тархи хөдөлдөг юм. Та нарын тархи хөдлөх ч яах вэ. Монгол Улс улс шиг улс баймаар байна. Хуулийг өөрсдөө удирдаж байна.