ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Францын парламентын бүлгэмийн гишүүд Монголд айлчилна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-09-10

Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Дэлатр тэргүүтэй сенатчдын албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж, тав хоног үргэлжилнэ. Айлчлалын бүрэлдэхүүнд Францын парламентын Нийгмийн бодлогын байнгын хорооны дэд дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй, сенатын гишүүд Паскал Мартин, хатагтай Мари Пьер Ришэ, Завье Вэрн нар багтаж байгаа аж. Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм.

Францын парламентын гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, эрхэм зочдыг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Засгийн газрын гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хүлээн авч уулзах юм байна. Түүнчлэн, Гацуурт тосгонд фермерийн аж ахуй эрхлэгч айл өрх, Дорнод аймагт зочлон, монгол гэрт хоноглож, хонины ноосоор органик бордоо боловсруулж экспортолдог “Монпеллетс” ХХК-ийн үйлдвэртэй танилцана. Францын сенаторууд ХСҮТ, ОБЕГ, ШУА, МУИС, тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгт зочлох юм.

Үүнээс гадна хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан “Алс газраас сурахаар одогсод” номын нээлтэнд оролцоно. 1926-1930 онд буюу одоогоос 95 жилийн өмнө Францад суралцаж, баруун Европын “Хээрийн галуу нисэн үл хүрэх газар”-аас эрдэм өвөрлөсөн сэхээтнүүдийн үр хойчис энэхүү номыг эрхлэн гаргаж байгаа аж.