ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Алтанхуяг: 500-600 саяар төв барьчихаар ковид алга болох юм уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-13

Цар тахлын /Ковид/ тухай хуульд хяналт тавих түр хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цар тахлын үед зарцуулсан хөрөнгө санхүү болон вакцинжуулалтын асуудлыг хөндлөө.

Тэрбээр, “Төрийн байгууллага маш хариуцлагагүй байна. Хүн үхэж байгаа тухай хэлэхэд 600 сая төгрөгөөр Нийгмийн эрүүл мэндийн төв барих тухай ярьж байна. Төв байгуулахаар ковид зогсох юм уу. Төв байгуулахын оронд өвчлөөгүй байгаа хүмүүсээ хамгаалах, өвчилсөн хүмүүстээ тодорхой мэдээлэл өгөхөд зорьж ажиллах хэрэгтэй.

Вакцинд маш их мөнгө зарсан. Дархлаажуулалт ийм өндөр байхад өвчлөл яагаад буурахгүй байгаа юм. Эсвэл вакцины сонголтод байна уу. Одоо гуравдугаар тунгаа хийж байн. Хэр үр дүнтэй тухай судалсан уу.

20 мянган хүн өвчилж байхад түүний дийлэнх нь гэрийн нөхцөлд өөрийгөө эмчилж байна. 70 хүн өвчилсөн байхад нэг эмч, нэг сувилагч ажиллаж байсан. Энэ эмч эмнэлгийн буруу биш. Мөн шинжилгээний асуудлыг шийдэх хэрэгтэй. Шинжилгээнд зарцуулж байгаа мөнгийг эмчилгээнд зарцуулах тухай ярьж байна. Та бүхний ямар бүтцээр ажиллаж байгаа нь чухал биш өвчилсөн хүний дуудлага бүрийг авч зөвлөгөө эмчилгээ хийдэг байх нь илүү чухал” хэмээсэн юм.