ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨГЖЛИЙН БАНК: 20 аж ахуйн нэгж 520 тэрбумын зээлээ зориулалтын бусаар ашиглажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2022-02-09

Хөгжлийн банкинд үүссэн эрсдэл болон зээл авсан аж ахуйн нэгжүүдийн асуудлыг өнөөдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ямар шийдэл гарсан талаар ЗГХЭГ-аас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, Хуульзүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо мэдээлэл хийхдээ “Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар тус банкийг илүү бие даасан болгох, засаглалыг сайжруулах чиглэлээр өөрчлөлт орж байсан. 2017 онд батлагдсан хүчин төгөлдөр хуулиар Хөгжлийн банк нь нийт санхүүжүүлэх дүнгийн 60 хувиар стратегийн ач холбогдол бүхий экспортыг дэмжих, нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан. Харин сүүлийн үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдлоо, чанаргүй зээл нэмэгдсэн гэх мэдээлэл гарч буй.

Тэгвэл энэ асуудлыг өнөөдөр хуралдаанаар хэлэлцлээ. Нийт 3.1 их наядын зээлийн багцтай, энэхүү багцаас 55.5 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй зээлийн жагсаалтад багтсан юм байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн банк 28 зээлдэгчийн 1 их наядын зээлийг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа. Гурван зээлдэгчийн асуудлыг Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байна. Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхийн шатанд асуудлыг хэлэлцээд нэхэмжлэл гаргахад хугацаа алдаж байгааг мэдэгдлээ. 69 сар шүүхээр маргаан явдаг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээр уддаг гэх мэтээр асуудлаа тайлбарлалаа.

Харин нэгдүгээр сарын 24-ны өдрөөс хойш 8.6 тэрбумын эргэн төлөлт хийгдсэн нь аж ахуйн нэгжүүд зээлээ эргэн төлж эхэлсэн гэх сайн мэдээ юм” гэлээ. Тэгвэл тус банкны 20 зээл буюу 500 гаруй тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан гэх асуудал мөн яригджээ. Энэхүү 520 тэрбум төгрөгийн зээлийг холбогдох хуулийн байгууллагатай хамтран шалгаж барагдуулахаар болжээ.

Хөгжлийн банкинд хугацаатай удаа дараагийн хяналт шалгалтыг Төв банкнаас оруулж байсныг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн өнөөдрийн хуралдаанд мөн танилцуулжээ. Харин АТГ-ын дарга З.Дашдаваа аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, нэгжлэг явуулж, хянаж шалгаж эхэлснийг мөн дуулгасан байна. Цаашдаа Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг байнга ярьж, эргэн төлөлтийн талаар мэдээлэл авч явна хэмээлээ. Нөгөөтээгүүр, давуу байдал бий болгож зээл авсан, авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийг шалгах, хариуцлага тооцоход бүхий л дэмжлэг үзүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгчээ.