ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Р.Отгонжаргал: 18 иргэн согтууруулах ундаа хэрэглэж, хоёр иргэн сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн

O.Admin
2022-04-08

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон "Монголдоо сайхан амьдармаар байна" уриатай тайван жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд буй. Тодруулбал, ASU.mn сайтын зураглаачийн дуранд бууснаар халаасандаа гараа хийгээд алхаж яваа залууг шууд гулт татан чирж, дээрээс нь цагдаагийн албан хаагч дэвсэж буй нь бичигдсэн. Энэ талаар өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ.  

ЦЕГ-ын дэд дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р. Отгонжаргал хэлэхдээ "Уг жагсаал Жагсаал цуглан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдэж зөвшөөрөл авсан жагсаал бол биш. Цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар иргэдэд удаа дараа анхааруулсан. Бидний зүгээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн. Мөн 18.00 цагаас Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирээд, залуучуудтай уулзсан. Энэ үеэр ус, ундааны сав, талх шидэх зэрэг үйлдэл гаргасан. Түүгээр ч зогсохгүй нэг эмэгтэйгийн эрх чөлөөнд халдсан. Тухайн эмэгтэйн толгой хагарсан учир ГССҮТ-д очиж, хоёр оёдол тавиулсан" гэлээ. 

Улмаар, орой 18.00 цагаас хойш жагсагчдын бүтэц өөрчлөгдсөн бөгөөд өглөө цугларч, үзэл бодлоо илэрхийлж байсан залуучууд шингэрч, эсрэгээрээ өөр үзэл бодолтой залуучууд ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн аж. Сүүлдээ төрийн тусгай объект руу халдах, цагдаагийн алба хаагчийн ажилд саад болох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн олширсон учраас хүч нэмэгдүүлэн хамгаалалтад гарсан гэх тайлбар өглөө.  Өчигдөр орой 04.00 цаг өнгөрч байхад жагсагчдын тарахыг шаардсан ч эсэргүүцсэн учраас 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон учир эрүүлжүүлсэн бол хоёр иргэнээс сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илэрсэн хэмээн мэдээлэл өглөө.