Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн нээлт өчигдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,
"Манай улс 1986 онд дулааны IV цахилгаан станц баригдсанаас хойш эрчим хүчний нэг ч шинэ эх үүсвэр төрийн зүгээс байгуулж чадалгүй ирсэн юм. Бид эрчим хүчний импортод жил бүр дунджаар 400 гаруй тэрбум төгрөг зарлагадаж байна. Дулааны станцуудын насжилт 35-60 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 32-62 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Гэтэл жил бүр Улаанбаатар хотын хүн ам нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж, нэмэлт эх үүсвэрүүдийг шаардаж байна" гэж хэллээ.
Мөн тэрбээр,
"Хөгжлийн банкны эргэн төлөлт сайжирч байгаа нь Монгол Улс олон улсад тавьсан өрөө хугацаандаа төлөх, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдээ цаг алдалгүй урагшлуулах боломж гарч байна. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн санхүүжилтийн 85 хувийг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэлээ.
Өнөөдөр эхлүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэнээр цагт 116 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангаж, улмаар нийслэлийн хэт төвлөрлийг сааруулах бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд хэрэгжих суурь нөхцөл бий болно.
Амгалангийн дулааны станцын өргөтгөл хийгдсэнээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллыг хуваалцаж, тус станцын хоёрдугаар үе шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, түүний дотор усан цахилгаан станцыг нэн тэргүүний зорилт болгож, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг дуусгаж, Эгийн голын усан цахилгаан станцыг эхлүүлэхийн төлөө бүх боломжоо дайчлан ажиллана аа.
Эрчээ алдсан эрчим хүчний салбарыг эргэн сэргэхэд чухал ач холбогдолтой хүчин чадлыг нь 75 мегаваттаар өргөтгөж, 250 мегаваттаар шинэчлэх Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, Тавантолгойн 450 мегаваттын дулааны цахилгаан станц, Багануурын 400 мегаваттын Цахилгаан станц, 50 мегавттатаар хүчин чадлыг нь өргөтгөх Чойбалсангийн Дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтын төслүүдийг цаг алдалгүй эхлүүлж, ашиглалтад оруулах зорилтын эхний томоохон төсөл нь Амгалангийн 116 мегаваттын дулааны станц болж байна" гэж Ерөнхий сайд хэллээ.