ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Туркийн их сургуулиас Г.Занданшатарт “Хүндэт доктор" цол олголоо

O.Admin
2022-10-17

Улсын Их Хурлын дарга Г. Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өнөөдөр (2022.10.16) Измир Катип Челеби их сургуульд зочиллоо. Тус их сургуулийн Эрдмийн зөвлөл Их Хурлын даргад “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн бөгөөд  уг ёслолын арга хэмжээ Измир Катип Челеби их сургууль дээр болов.

Тус сургуулийн проректор, доктор, профессор Мухсин Акбаш хэлсэн үгэндээ, Г.Занданшатар нь хилийн чанадад буй Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх ажлыг дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын судлаачдыг Бүгд  Найрамдах Турк Улсын нутаг дээр тус орны судлаачидтай хамтран Анатолийн хойгт буй Илхаадын дурсгалыг судлах хамтын ажиллагааг дэмжсэн явдал нь Монгол төдийгүй Төв Азийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол, Туркийн харилцаа, тэр дундаа Монгол Улсын Их Сургууль болон Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр их сургуулийн байгуулсан Түрэг судлалын хамтарсан хүрээлэнгийн баг археологийн судалгааны ажлуудаа амжилттай явуулахад бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ирсэн явдлыг нь үнэлэн  тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн гэж байлаа. Улсын Их Хурлын дарга “Хүндэт доктор” цол хүртсэнтэй холбогдуулан үг хэлсэн. Тэрбээр, Измир Катип Челеби их сургуулийн “Хүндэт доктор” цол хүртэж буй гурав дахь хүн, гадаадын анхны иргэн болж байгаадаа баяртайгаа байгаагаа илэрхийлээд, эрхэм хүндтэй энэ цол манай хоёр орны боловсрол, соёл, түүх, археологийн хамтын ажиллагааны үр дүнг бататгаж, цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх суурь болно гэдэгт итгэлтэй  байна гэв. Мөн Монгол Улсын Их Сургууль, Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Челеби их сургуулийн археологич эрдэмтдийн хамтарсан баг 2022 оны зун Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурийг илрүүлж, Монголын археологийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээснийг онцлон тэмдэглэв.

Түүнчлэн, тус их сургуулийн захирал, эрдэмтэн багш нар, судлаачдад хоёр орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байгаа ажил, үйлсэд нь өндөр амжилт хүсээд цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ шатанд хүргэхийг зорьж буй хүчин чармайлт, санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Ташрамд дурдахад, Измир Катип Челеби их сургууль нь Бүгд Найрамдах Турк Улсын төрийн өмчит томоохон сургуулиудын нэг бөгөөд 2019 онд Монгол Улсын Их Сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаас хойш оюутан солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.