ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Булгантуяа, Ч.Номин нараар хачирласан НАМЭХ-г авах зодооны ард А.Ариунзаяа нуугдав уу

O.Admin
2022-11-25

Ердөө долоохон хоногийн дараа МАН-ын гуравдах том албан тушаалтны томилгоог хэлэлцэх нь ээ гэсэн яриа хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд өрнөж эхэллээ. Тодруулбал, дараагийн УИХ-ын сонгуулиар нам дотор эмэгтэйчүүдийн квотыг хуваарилах, холимог тогтолцоогоор сонгууль явагдсан тохиолдолд хэнийг жагсаалт руу оруулах вэ гэх маш том эрх мэдлийг атгах НАМЭХ-ны Ерөнхийлөгчийг сонгох хурал арванхоёрдугаар сарын 1-нд товлогдсон сураг дуулдав.

Жам ёсоор даргын суудлын төлөөх марафон ч МАН-ын эмэгтэйчүүдийн дунд өрнөж тэр энэ очно, тэрийг тэр томилно гэж тохирчээ гэсэн тодорхойгүй хийгээд зохион байгуулалттай мэдээллүүд сэвэгдэж эхлэв. НАМЭХ хоёр хуваагдах нь тодорхой болов. НАМЭХ нь “Нийгмийн ардчилал монголын авгайчуудын холбоо”, “Нийгмийн ардчилал монголын гүнжүүдийн холбоо” гэж хоёр хуваагдах нь хэмээн улс төрийн сэтгүүлч, тоймч нар ч дүгнэж эхэллээ. Нэг талаас дүгнэвэл, НАМЭХ-д өрнөж буй үйл явдлыг тун зөв тодорхойлчихсон. Яах ч аргагүй үе хоорондын тулаан энэ намд эр эм гэхгүй өрнөж байгаа. Нөгөө талдаа ийм мессеж нийгэмд тархах нь хэнд ашигтай байгааг мөн л анхаарлын гадуур орхиж боломгүй юм. Залуу, ахмад үеэрээ талцаж, эмэгтэйчүүдийн холбооны суудлаа булаалдаж байгаа гэсэн мессеж хэнд хамгийн ашигтай байна вэ.

Х.Булгантуяа, Ё.Нямжав нараар хачир хийх нь хэнд ашигтай вэ

Нэр бүхий сэтгүүлчид НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн суудлын төлөө Хятадад боловсрол эзэмшсэн хоёр хүүхэн зүтгэж байна гэх утгатай мэдээллийг өөрийн нүүр номдоо оруулсан байх юм. Нэмээд Соёлын сайд Ч.Номин ч энэ зодоонд оролцож байгаа гэв. Өнөөх гүнж нар нь тэд л дээ.

Хаана л ямар албан тушаалын сураг дуулдсан тэнд заавал нэрээ бичүүлж байдаг Сэлэнгийн атаманы ганц охин Чинбатын Ундрам ч яригдахаа мартсангүй. Гэтэл Соёлын сайдын тухайд намынх нь эмэгтэйчүүдийн хурал болох өдрүүдэд гадаадад томилолттой байх мэдээ дуулдаж байна. Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа мөн л гадаадад яваа бөгөөд намын эмэгтэйчүүдийн зодоонд огтхон ч оролцоогүй, цаашдаа ч оролцохгүй гэдгээ мэдэгдчихэж.

Шанхайд боловсрол эзэмшиж, улс төрийн том намд карьер өгсөх гэж хичээдэг ч төдийлөн танигдаж амжаагүй яваа Ё.Нямжав энэ суудлын төлөө өрсөлдөх нь дэндүү ахадна. Дүүрэг хороодын НАМЭХ-д түүнээс ч чадалтай боловсролтой эмэгтэйчүүд дүүрэн бий. Тэгэхээр эдгээр “гүнж”-үүд зодолдож байна гэсэн мессежийг тараах эрх ашиг зөвхөн нэг хүнд л байгаа гэсэн үг.

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар НАМЭХ рүү хамгийн их зүтгэж буй хүн нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа гэх. Ил гарсан зодооныг хөөрөгдөж тавьчхаад хөшигний ард үлдчихсэн энэ эмэгтэй Төрийн ордонд эмэгтэй гишүүдийн өрөөгөөр орж гарах нь ихэссэн бөгөөд “ул”-ны гэх үгний төлөө Д.Сарангэрэл сайдыг суудлаас нь буулгаж хүчгүйдүүлсэн гэх ярианд ч ороод амжсан билээ. Угтаа өдгөө НАМЭХ-г тэргүүлж буй Д.Сарангэрэл сайдын суудалд хүчтэй байвал буулгахад хэцүү. Тиймдээ ч сөрөг акцыг өрдөж, суудлаас нь буулгаснаар гол өрсөлдөгчийнхөө хүчийг сулруулсан гэх ярианд орсон ч өөрөө тайлбар өгөөгүй билээ.

А.Ариунзаяа намын даргатай НАМЭХ-ны тэргүүний суудлаар тохирсон уу

Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, гурван ч хэлтэй гэх мэтээр наад талдаа маш гэгээн сайхан пиар хийж олонд танигдсан хүн бол А.Ариунзаяа юм. Харин цаад талдаа тэр тийм сайн мундаг удирдагч, сайд байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Яаманд нь 10 гаруй жил нутагшчихсан байсан “ул”-ны гэдэг үгийг тэр олж сонсоогүй, судалгааны баримтууд дотроос нээж үзээгүй явсан гэхээр ямархуу хэмжээнд салбараа удирдаж байсан нь тодорхой байх аж. Харин тийм сайд гэнэтхэн ажлаа өгөхөд олон ч фэнүүд нь уурсаж, өрсөлдөгчийг нь үгийн муугаар булж эхэлсэн байдаг.

Эмэгтэй хүний хувьд өмөөрч ганц үг хэлэх болов уу гэтэл хэхэ гэх мэт үл тоосон, даапаалсан өнгө аястай эхэлсэн постдоо Д.Сарангэрэл сайд бол мундаг гэх үг хавчуулсан нь өмөөрөх гэхээс илүү даапаалсан байсан нь олон хүний дургүйг хүргэж байлаа. Тэгвэл энэ өдрүүдэд ч тэр НАМЭХ-ны тэргүүний төлөө хөшигний ард маш хурдтай зохион байгуулалт хийж, тэр хэрээрээ шуурхай хөдөлж байгааг ярьж эхэллээ. Хөдлөхдөө намын дэмжлэгтэй байгаа хэмээн ярьж буй гэх. Үнэн худлыг хэн мэдлээ.

“Би сайдын суудлаа өгөх ёсгүй байсан. Харин Ерөнхий сайд надад НАМЭХ-г өгнө гэсэн учраас би суудлаа өгсөн. Тийм учраас намайг дэмжээрэй” хэмээн ярьж буй сураг дуулдав. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол ирэх долоо хоногт болох НАМЭХ-ны тэргүүний суудалд Ч.Номин, Х.Булгантуяа бус харин А.Ариунзаяа өрсөлдөх нь ээ. Гэвч Д.Сарангэрэл гишүүний тухайд тийм ч амархан суудлаа өгөхгүй л болов уу.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд намын эмэгтэйчүүдээ чадавхжуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх чиглэлээр чамгүй ажиллаж чадсан учраас дүүрэг, хорооны дэмжлэг их байгаа гэнэ. Харин А.Ариунзаяа намын дэмжлэгтэй ч эмэгтэйчүүд дундаа төдийлөн танигдаагүй. Тиймээс заалны өрсөлдөөн ялах уу, намын хайрцаг ялах уу гэдгийг ирэх долоо хоногт харах нь ээ.