ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

ХӨНДӨХ СЭДЭВ: Нүүрсний хулгайчдаа мартахгүй шүү, монголчууд аа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-02-03

 

Манайхаан, нүүрсний хулгайчдаа хэзээ ч мартаж болохгүй шүү. Хэдхэн өдөр талбай дээр гарч жагсаад л мартах сэдэв огт биш. Тэд мартуулахыг хүсэж байгаа нь илт байна. Цээж нүцгэлэн сүрдүүлж зохион байгуулалт бүхий хэлбэрдэлтийн жагсаал, цуглаанаас илүүтэй бодит шаардлага, тэмцэл зайлшгүй хэрэгтэй.

Заавал талбай дээр гарч жагсахаас илүүтэй үгээрээ, үйлдлээрээ, цахим хуудсаараа байр сууриа илэрхийлж, улсын хөгжлөөс 10 гаруй жил чангаасан хүмүүсээс хариуцлага нэхмээр байна. Нэг дуулиан шуугианыг нөгөөгөөгөөр дардаг, панчан хийдэг бус эхлүүлсэн тэмцлээ санадаг, иймэрхүү жигшүүртэй асуудалд хэрсүү хандмаар байх юм. Өнөөдөр койны хохирогчид, 1072 хувьцааны ногдол ашиг нэхэгсэд бол нүүрсний хэрэгтнүүдийг мартуулах гэсэн арга төдий.

Койн бол эзэн холбогдогч нь тодорхой. Хууль хяналтын байгууллага нь ч шалгаж, эхнээс нь цагдан хорьсон байгаа. Хохирогчид нь ч цөөхөн. Монголчууд нийтээрээ койны хохирогч болчихоогүй. Цөөн хэсэг мөнгөтэй хүмүүсийн л найр болоод өнгөрсөн асуудал. Хохирогч цөөхөн, эзэн холбогдогч нь тодорхой зүйлд нийтээрээ шагшаад, халаглаад суухгүйгээр нүүрсний хулгайчдаа анхаарцгаая. Тэд бол нийт монголчуудыг дээрэмдсэн хүмүүс. Түүнчлэн, 1072 хувьцааны ногдол ашиг нэхэгсэд нэмээд гараад ирлээ. Тэд ч бас нүүрсний хулгайчдыг мартуулах технологи гэж хардах үндэслэл бий. Ногдол ашиг хүртэх тухай ярьвал хүрвэл хүүхэд багачуудгүй багтсан цагтаа хувиа хүртэх асуудлаа ярина. Нэгж хувьцааны үнэ өсөөгүй байхад бидэнд ирэх мөнгө нь таваг хоолны үнэ ч хүрэхгүй. Харин зах зээлд үнийн хөөрөгдөл үүсгэж, эдийн засгаа чирэхээс хэтрэхгүй.

Тиймээс нүүрсний хулгайчдын башир аргад битгий автаарай. Үргэлж, санаж, сэрж, бодож асуудал. Энэ хэрэг 10 гаруй жилийн өмнөөс эхэлсэн бөгөөд 80 гаруй мөрдөгчийн баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа гэдгийг АТГ-ын дарга З.Дашдаваа мэдэгдэж байлаа.

Цаг хугацаа орохыг ч давхар хэлж байсан. Одоогоор нүүрсний хэрэгт холбоотой 50 гаруй хүнийг АТГ-аас шалгаж байна. Түүнээс 17 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хориод байгаа юм. Хэрэгт холбогдуулаад олон ч хүнийг гэрчээр байцааж байна. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсээс эхлээд жирийн нэгэн нүүрсний тээврийн жолооч хүртэл байцаалт өгч байна. Хууль хяналтын байгууллага нь хангалттай сайн ажиллаж байгааг онцлох хэрэгтэй. Харин хэрэгтнийг хэрхэн шийдэхийг шүүх байгууллага мэдэх ёстой ч шүүх хэргийг хүлээж авлаа гэж мэдэгдээд таг чиг болов. Угтаа шүүхийн шатанд очоод хэрэг гацдаг зарчмаар гулсаж байна, эдгээр хэргүүд.

Нөгөөтээгүүр, Засгийн газраас нүүрсний хулгайчидтай нам харгалзахгүй тэмцэнэ гэдгээ Ерөнхий сайд  мэдэгдэж, дагаад хууль эрх зүйн орчныг ч чангаллаа. Авлигачдад явах зам, гарах гарц багасав. Хууль хяналтын байгууллага, төрийн асуудал боловч жирийн иргэд хариуцлага, шаардлагаа нэхэхээ мартаж болохгүй юм.  Тэдний Монгол Улсад учруулсан хор хохирлын хэмжээ хэдэн арван их наяд. Энэ бага мөнгө биш. Бид хэнээс гуйхгүй метротой болж болно. Дагуул хэд хэдэн хотын санхүүжилт ч босчихно. Шаардлагатай гэвэл боомтуудаа хурдны чанартай өргөн замаар холбох мөнгө. Төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж болох байв.

Цаашлаад гадаад өрийн 96 их наядаасаа хугасалж болно. 1.6 сая атлаа нийслэлдээ багтаж, шингэхгүй түгжирч, хамаг амьдрал цаг хугацаа зам дээр өнгөрч байна. Энэ асуудлыг мөн л шийдэж болно. Нөгөө бидний яриад байдаг хөгжингүй орны гоё мөрөөдлийг зөвхөн нүүрсний хэдхэн хулгайчид хулгайлсан гэдгийг санаарай. Тэд нүүрсний зах зээлийг дангаар нь онилж, үр хүүхдэдээ хэдэн үеэр нь идэх хөрөнгө, гадаадын үнэтэй хаус, барилга байгууламж, өндөр өртөг бүхий дээд боловсролыг өөрийн хамааралтай хүмүүст наасан нь баримтаар ил болж байна. Зугаа цэнгэлд зарцуулж, гадны үнэтэй казинод үрж байна, тэд. Цаашид хулгай улам бүр илчлэгдэнэ. Баримтаар ч нотлогдох тодорхой.  

Тиймээс нүүрсний хулгайчид ял завших гэж төрөл бүрийн арга хэрэглэж буй нь тодорхой байна. Хууль хяналтын байгууллагад нөлөөлж хэргээ удаашруулах, сунжруулах, цаашлаад хэрэгсэхгүй болгох сонирхол ч бий. Харин энэ боломж, нүх сүвийг огтхон ч олгож болохгүй. Зөвхөн энэ удаагийн парламентаас гэхэд есөн гишүүн нүүрсний хэрэгт холбогдож, тэднийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байна.

Өөр хэлбэл, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, А.Адьяасүрэн, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн нар холбогдоод байгаа юм. Зарим нь өөрийн хүсэлтээр өргөдлөө ч өгчихлөө. Цаашид сайн дураараа хэн нь явахыг таашгүй. Тиймээс улсынхаа хөгжлөөс чангаасан нүүрсний луйварчдаа, койн болон 1072 хувьцааны ногдол ашгаар мартаж панчан болгомооргүй байна, хүмүүс ээ.