ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

НИТХ: Нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайланг хэлэлцлээ

O.Admin
2023-06-22

Хуралдааны эхэнд Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал Нийслэлийн ИТХ-д танилцууллаа. Нийслэл дэх төрийн аудитын байгууллагаас санхүүгийн нэгтгэсэн тайлан болон төсвийн гүйцэтгэлд өөрчлөлтгүй гэсэн дүгнэлт өгсөн байна.

Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр нийслэлийн төрийн болон тусгай сангууд, аж ахуйн нэгжүүд төрийн байгууллага бүхий нийт 226 байгууллагад аудит хийж, дүнг тусгажээ. 2022 оны хувьд Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталж, хэрэгжүүлсэн. Тиймээс нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстойг М.Эрдэнэжаргал онцоллоо. Мөн өнгөрсөн онд нийслэл хот анх удаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах 420 тэрбум төгрөгийн төсвийг баталсан бөгөөд, үүнд аудит хийж дүгнэлтийг Үндэсний аудитын байгууллагад хүргүүлсэн гэв.

Төрийн хэмнэлтийн тухай хуулиар төр, түүний бүх шатны байгууллагын үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шийдвэр гарсан. Энэ дагуу 2022 оны нийслэлийн санхүүгийн нэгтгэсэн тайлан болон нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд санхүүгийн тайлангийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн аудитын явцад илэрсэн зөрчлийг арилгах, цаашид Төрийн хэмнэлтийн тухай хууль болон төсвийн тухай  хууль болон холбоотой бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмжилжээ.