ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

"Роснефть" Монгол руу экспортлох шатахууны хэмжээгээ нэмэгдүүлнэ хэмээжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-06-22

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 18-22-ны хооронд ОХУ-д ажлын айлчлал хийж буй билээ. Тэгвэл тус айлчлалын хүрээнд “Роснефть” компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин, Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар нар ажлын уулзалт хийжээ. 

Талууд хоёр орны эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн, газрын тос нийлүүлэх, Улаанбаатар хотын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг шинэчлэх талаар ярилцжээ.

“Роснефть” нь 2005 оноос хойш Монголын нефтийн бүтээгдэхүүний зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаанд тус компани Монгол Улсыг шатахуунаар найдвартай хангаж, нийт 13.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ. Нийлүүлэлтийн үнийн тогтвортой байдал нь хэлэлцээрийн гол сэдвүүдийн нэг болоод байгаа аж. Нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтоохдоо зах зээлийн уян хатан хандлагыг ашиглах талаар өмнө нь тохиролцсон бөгөөд тохиролцоонд хүрэхээ ч талууд дахин нотолсон аж.

Уулзалтын чухал сэдэв нь мөн найдвартай, тасралтгүй хангамжийн асуудал байж. Ирээдүйн болон өмнөх үеийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдалд нөхөх арга хэмжээ авах талаар талууд тохиролцсон гэлээ. Тодруулбал, энэ оны зургадугаар сард Монгол Улсын хэмжээнд төмөр замын ачааллаас үүдэн нийлүүлээгүй газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нөхөхөөр ярьж байгаа аж. Хэлэлцээрийн дагуу ойрын саруудад нөхөхөөр болжээ. Эрчим хүчний зах зээлийн тогтвортой байдлыг хангахад нөөц бүрдүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэдэг. "НК Роснефть" ХК-ийн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төлөвлөгөөт засварын ажил ойрын саруудад хийгдэх гэж байгаатай холбогдуулан тус компани Монгол руу экспортлох шатахууны хэмжээг нэмэгдүүлнэ гэжээ.

Уулзалтын үеэр 2022 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Улаанбаатар хотын орчин үеийн Чингис хаан нисэх онгоцны буудлын шатахуун түгээх цогцолборыг онгоцны түлшээр хангах боломжтой болсонд УИХ-ын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэжээ. Игорь УИХ-ын дарга Г.Занданшатар нар Орос, Монголын хоёр талын харилцаа найрсаг шинжтэй байгааг тэмдэглэв. “Монгол Улс бол манай эрчим хүчний стратегийн түнш. Бид тус улсад хүргэх найдвартай байдлыг баталгаажуулдаг" гэж Игорь Сечин дүгнэжээ. 

Эх сурвалж: https://www.rosneft.ru