ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Улаанбаатар-Дарханы замыг шинээр барина

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-09-05

Өнөөдөр Засгийн газар хуваарь ёсоор хуралдаж байгаа билээ. Тэгвэл өглөөнөөс эхлэн хэд хэдэн чухал шийдвэр гаргаад байна. Тодруулбал, УБ-Дарханы замыг шинээр барих шийдвэрийг өнөөдөр өглөө гаргасан байна. Ерөнхий сайд холбогдох яамд, хотын удирдлагуудад үүрэг өгч ажилласнаар долдугаар сард Улаанбаатар Дарханы замыг шинээр барих санхүүжилт шийдэгджээ.

УБ-Дарханы замыг 2019 оны дөрөвдүгээр сараас хоёр урсгал дөрвөн эгнээтэй болгож барихаар шийдвэрлэсэн байна. Таван гүйцэтгэгчээр 5 хэсэг ажил эхлүүлж богино хугацаанд барьж байгуулахаар тогтоол гаргасан аж.

20 жилийн өмнө хэсэгчилсэн засвар хийж долоон удаа эргэж буцсан энэ ажлыг дахиж эргэхгүйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилт бусад эх үүсвэртэйгээр барихаар тогтсон гэсэн үг юм. Оргил үедээ 12300 авто машин зорчдог хамгийн их ачаалалтай, олон улсын шинж чанартай энэ авто зам дээр олон арван хүний амь нас эндэж буйд цэг тавих эхлэл тавигдлаа.