ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

О.Сансармаа: Долоон байгууллагаас тэтгэлэг авч, 30 сая төгрөгийн хадгаламжаа гурван жилд бий болгосон

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-24

Хүсэл мөрөөдөл, хөдөлмөрөөрөө хэний ч тусламжгүйгээр өөрөө өөрийгөө бүтээж, их сургуулийн төлбөрөө төлөхийн сацуу гурван жилийн хугацаанд 30 сая төгрөгийн хадгаламжийг бүтээж чадсан шинэ үеийн залуусын төлөөлөл О.Сансармааг бид “Онлайн ярилцлага” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр ШУТИС-д Наношинжлэх ухаан инженерчлэл мэргэжлээр суралцдаг төгсөх курсийн оюутан юм.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

- Намайг Одбаярын Сансармаа гэдэг. Өсвөрийн зохион бүтээх сургуулийг робот электроник мэргэжлээр төгсөж, эдүгээ ШУТИС-д Наношинжлэх ухаан инженерчлэл мэргэжлээр суралцдаг, төгсөх курсийн оюутан байна. Би агаарын бохирдлын асуудалд эмзэглэж явдаг. Барилгын шилний гадаргуун технологийг хөгжүүлж, амины орон сууц барих мөрөөдөлтэй. Энэхүү хүсэл минь амжилттай болох юм бол  нарнаас 98 хувь дулаанаа нэвтрүүлэн авах боломжтой. Нүүрс ашиглалтаас гарна гэсэн үг. Мэргэжилтэн цөөнх тул голч дүн, мэргэжлийн туршлага, нийгмийн үйлсийг харгалзаж,  Австралийн Их дээд сургуулиудаас тэтгэлгээр суралцах хүсэлтүүд ирсэн.

- Таны мөрөөдөл чинь их сонирхолтой юм. Монголд агаарын бохирдлын тодорхой хувийг гэр хороолол бүрдүүлдэг. Барилгын шилний гадаргуун технологийг амины орон сууцанд ашигласнаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой  гэж ойлгож болох нь ээ?

- Одоо бидний ашиглаж байгаа барилгын шилнүүд нь амархан хагардаг. Бохир болдог, нарны гэрлийг 2-10 хувь хүртэл нэвтрүүлдэг. Бүх зүйлс атомоос тогтдог шүү дээ. Таны бие ч бас. Ямар нэгэн атом очоод наалдах боломжтой гадаргуу байгаа болохоор шил бохирддог. Нано хэмжээнд гадаргууг тэгшилж өгвөл маш бат бөх, үргэлж тунгалаг, хамгийн чухал нь нарны гэрлийг 98 хүртэл хувь нэвтрүүлэх боломжтой. Хэт халуун болох вий гэж битгий санаа зовоорой байх ёстой халуунаа барин нөөцлөх боломжтой болж цахилгаан, нүүрс ашиглахаа болих юм бол утааны асуудал бага ч болов багасах байх гэж найдаж байна.

...Би орхигдсон төрөлд нь багтдаг. Багадаа аавыгаа алдаж, ээж минь гадны улсыг зорьсон. Надад өөрөөс минь өөр ойлгож туслах хүн үлдээгүй...

Mungkin gambar 1 orang dan jalan

-Таныг суралцах төлбөрөө өөрөө төлөхийн зэрэгцээ 30 сая төгрөгийн хадгаламж бүрдүүлж чадсан гэж сонссон. Өнөөдрийн нийгэмд оюутнуудын хувьд ийм боломж хомс шүү дээ. Энэ талаарх туршлагаа бидэнд хуваалцаач?

-Айлын ганц хүүхдүүд хоёр төрөл байдаг гэж сонссон. Эхнийх нь эрх, нөгөөх нь орхигдсон.  Би орхигдсон төрөлд нь багтдаг. Багадаа аавыгаа алдаж, ээж минь гадны улсыг зорьсон. Надад өөрөөс минь өөр ойлгож туслах хүн үлдээгүй. Тэр үед ойр дотны хүмүүс их сургуульд сурсанаас амьдралын ухаанд суралцсан нь дээр гэж зөвлөдөг байсан.

Олон ах эгч нарынхаа гэрт амьдралыг олон өнцгөөр харах боломж тохиоход “Мэдлэг боловсрол хүнийг хүмүүжүүлдэг” гэдэг үгийг маш сайн ойлгож авсан юм. ЭЕШ-аа тэтгэлэг авахаар өндөр оноо авч чадаагүй болохоор их сургуулийн төлбөрт есдүгээр ангиасаа хойш цагийн ажил хийж цуглуулсан мөнгө хүрээгүй. Тэгээд ээжээс тусламж хүсэхэд “Сурч чадах юмуу” гэж зэмлэж, дутсан төлбөрийг  төлж, ангидаа элсэж байлаа. Түүнээс хойш өөрөө л болгохгүй бол болохгүй юм байна гэж бодоод тэтгэлэг хайж, хэрхэн тэнцэх талаар өөрийгөө бэлдэж эхэлсэн. Цагийн ажил хийж, хэрэглээний мөнгөө болгосон. Мөн  ШУТИС-ийн Клубийн Нэгдсэн Зөвлөлд англи хэл маань бусад оюутан дундаас дээгүүр байсан тул багшийн туслах оюутнаар гурван кредит урамшуулал авч ажиллаж эхэлсэн.

Энэ мэтээр тасралтгүй гурван  жил ажиллахад тэргүүн нь болсон. Тиймээс  улирал бүр найм гээд нийт 30 кредит урамшуулал авсан. Англи хэлээ сайжруулж байж магистрын тэтгэлэг авах тул зогсолтгүй суралцсан. АНУ-ын хувийн компанид цахим ажилтнаар орж, ам.доллароор цалинждаг боллоо. Өдөрт 40-56 ам.доллар шууд хадгалдаг болсон. Энэ орлого миний хадгаламжийн ихэнх хэсгийг бүрдүүлсэн. Эцэст нь семестр бүр нэг оюутаныг нэг л удаа сонгон шалгаруулж өгдөг долоон өөр байгууллагын тэтгэлгийг авч, 30 сая төгрөгийн хадгаламжаа гурван жилд бий болгож чадсан.

-Долоон өөр байгууллагын тэтгэлэг авсан гэж хэллээ. Ямар, ямар байгууллагаас тэтгэлэг авсан бэ?

-Хамгийн эхнийх нь UB cab-ын “Зөв хүн” тэтгэлэг байсан. Хувийн байгууллагын тэтгэлэг байсан тул дахин зарлагдаагүй. Хоёр дахь нь Зориг сан, Швейцарын акентлагын тэтгэлэг. Нэг семестрийн мөнгөн тэтгэлгээс гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн төслийг багаараа  хийхийг шаарддаг юм.

Тухайн жилд тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан 27 сая төгрөгийн санхүүжилт авч, сар бүр сайн дурын багш, анги танхим, хэрэгцээт ширээ сандал төхөөрөмжөөр хангаж, түүгээрээ нэгдүгээр байранд шалгарч байлаа. Тэдгээр хүүхдүүд IT инженерээр сурах боломж байхад асдаггүй тоног төхөөрөмжтэй байсан юм. Энэ жил санхүүжилтээ татан 17 жил үргэлжилсэн тэтгэлэг өндөрлөсөн. Гурав дахь нь Ерөнхий сайдын тэтгэлэг. Өөрийгөө ийм том тэтгэлэг авч чадна гэж бодоогүй ч, тэнцчихсэн. Тэнцэхгүй бол алдаанаасаа суралцаад дахин материалаа явуулах зориг надад байсан. Хамгийн их мөнгө буюу 10 сая төгрөг бий болгосон тэтгэлэг. Одоо ч жил бүрийн хавар зарлагддаг.

Дөрөв дэх нь хамгийн олон үе шаттай, шударга, багийн ажиллагаа, ирээдүйг харгалздаг Голомт банкны тэтгэлэг. Жил бүрийн намар зарлагддаг юм.  Харин тав дахь нь ШУТИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг. Салбар сургууль бүрээс нэг оюутанд эрдэм шинжилгээ, нийгмийн ажил, голч харгалзан жил бүрийн хавар олгодог.  Зургаа дахь нь “Номин” тэтгэлэг. Эссэ бичихгүйгээр видео бичлэг хийж түүнийгээ танилцуулан ярьдаг сонирхолтой тэтгэлэг байдаг. Жил болгоны намар зарлагддаг. Хамгийн сүүлд ШУТИС-ийн Клубийн Нэгдсэн Зөвлөлийн тэргүүний урамшуулал. Нийт 2500 гаруй оюутныг чиглүүлж, хамтран ажиллах маш том хариуцлага байсан. Оюутнууд хүсвэл аль ч сургуульдаа өөрийнхөө сонирхлоор клубт элсэн ахиж дэвших боломжтой.

...Анхнаасаа чи яг юунд дуртай, хийхэд цаг мэдэгдэхгүй жаргалтай өнгөрч байгаа мэргэжлийг сонгох хэрэгтэй...

Keterangan foto tidak tersedia.

-Хуримтлалаа хэдийнээс үүсгэж эхэлсэн бэ. Багаас дадал суусан байсан уу?

-Манай ээж санхүүгийн асуудалд зарчимч, хатуу хүн. Урсгал зардалд гарах хоолны мөнгөгүй өлсөх үе ч байлаа. Гэхдээ зүгээр дээ. Ээжийн энэ зан зарим талаар хатуудсан байж магадгүй ч, би бага ч болов санхүүгийн мэдлэгт суралцаж, аравдугаар ангиасаа хойш бага багаар хурааж, хуримтлал үүсгэсэн. Одоо бол цагийн ажлаараа урсгал зардлаа болгож тэтгэлгээр суралцан, англи хэлээ сайжруулан хоёрдогч санхүүгийн шийдлийг олж давхар ажилласны хүчинд санхүүгийн багахан эрх чөлөөнд хүрсэн.

-Хүссэн хүн бүр тэтгэлэгт тэнцэж чаддаггүй. Өөрийн арга барилын талаар залууст зөвлөгөө өгөхгүй юу?

-Надад алдах эрхгүй хариуцлага, жил алгасахгүй байх эрмэлзэл байсан. Анхнаасаа чи яг юунд дуртай, хийхэд цаг мэдэгдэхгүй жаргалтай өнгөрч байгаа мэргэжлийг сонгох хэрэгтэй. Би тийм толгой сайтай оюутан биш ээ. Ангидаа дунд хавьцаа оюутанд ордог байлаа. Гэхдээ би алдахаас, туршиж үзэхгүй байхаас, хүнд за гэж хэлсэн бол хариуцлагагүй хандахаас маш их зайлсхийдэг. Зүгээр л цагийн юмыг цагт нь хурдан гүйцэтгэл сайтай хийх дуртай болохоор олон зүйлийг амжуулдаг. Дүнгийн голч бол хичээлээ таслахгүй, бие даалтаа хугацаанд нь шалтаг тоочихгүй өгөхөд асуудалгүй өндөр гардаг. Би сайн дурын үйл ажиллагаанд оролцох дуртай. Тэр дундаа мод тарих дуртай.  Мод бүрээ тэнгэрт байгаа аавдаа зориулан тарьж, хөрсөөр нь холбогдон жил бүр сайн сайхан зүйлсээ хэлдэг юм. Залуустаа хандаж хэлэхэд, өөрийгөө эхлээд хайрладаг байгаарай. Чамайг гэх хүнгүй болсон ч өөртөө итгэж бусдыг хайрлаж, зорилгоо тодорхойлж, түүнийгээ өдөр болгон бага багаар услаж чадвал өнөөдөр “тэнцээгүй” хариу авсан ч дараагийн удаа тэнцэх нь ойлгомжтой шүү дээ.

-Тэнгэрт байгаа аавдаа зориулж мод тарьдаг гэсэн. Одоогоор хэчнээн мод тарьсан бэ. Хамгийн сүүлд аавдаа юу гэж хэлэв?

- Хүн л юм чинь ганцаардах, шантрах, дорд үзэгдэх, хэчнээн хичээсэн ч хэн ч биш юм шиг мэдрэмж авдаг байсан үе зөндөө бий. Тэр үедээ сэтгэлээ онгойтол аавтайгаа ярилцмаар санагддаг ч байнга газар дээр нь очиж болохгүй болохоор мод тарин ярилцахаар шийдсэн юм. Арваннэгдүгээр ангиасаа өдийг хүртэл 58 мод тарьсан. Бага байхад овгоо дуудуулж их загинуулдаг байлаа. Одоо сайн сайхан зүйлсэд аавыгаа дуудуулахаар хажууд суугаад баяр хүргэж байгаа юм шиг урамтай байдаг. Жилдээ өөртөө болсон бүх саад бэрхшээл, урам зориг авсан хүмүүс, их дээд сургуульд орсон шийдвэр минь ирээдүй рүү хэрхэн намайг хөтөлж байгааг ярьдаг. Би нэг ч удаа сугалаанд хожиж үзээгүй, их азгүй хүн.  Шалгалтын ч одгүй. Гэхдээ өөрөө хэр их хичээж чадна төдий чинээ үр дүн гардаг. Хамгийн сүүлд мод тарихдаа “Гадаад оронд эрүүл саруул, эвтэй, ухаалгаар хөдөлмөрлөөд сурсан мэргэжлийнхээ эцсийг нь үзээд ирнэ ээ, та сайн сууж байгаарай” гэж шивнэсэн.

...ИХ ДЭЭД СУРГУУЛИА ТӨГСӨӨД АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ ГЭДЭГ Ч АЛЬ ХЭДИЙНЭ ЭХЭЛЧИХСЭН БАЙДАГ...

Mungkin gambar 2 orang

-Залууст өөрийн хүч хөдөлмөрөөр өөрийгөө бүтээх маш олон боломж байдаг юм байна. Харин хангалттай ашиглаж чадаж байна уу?

-Боломж үргэлж байдаг шүү гэж хэлэхийг хүсч байна. Нэг ч удаа тэтгэлэгт материалаа явуулж үзээгүй нэг оюутан “Чи ийм их тэтгэлэг авсан нь эцэг эхгүй, дээр нь сайн дурын ажилд оролцдог болохоор тэр. Надад танил тал байхгүй, бас эцэг эхтэй, хангалттай сайн дурын ажил хийгээгүй болохоор материалаа өгсөн ч тэнцэхгүй” гэж их итгэлтэй хэлж билээ. Гэхдээ ерөөсөө ар гэрийн байдлыг харгалзаж үздэггүй. Монгол Улсдаа хийж бүтээх ирээдүйн зорилго, баг хамт олондоо эерэг уур амьсгал авчирч чадаж байгаа эсэхийг л харгалздаг. Надад ар тал юу ч байхгүй. Би дуртай мэргэжлээр, сонирхлоороо сайн дурын ажилд явж, аль болох бусдад тустай явахсан, сайн сайхан үг сонсоогүй бол хэлчих юмсан, өөртөө байгаа юмаа хуваагаад өгөхсөн гэж боддог жирийн нэгэн хүн. Тэгэхээр хэрвээ та өөрийгөө ХАНГАЛТГҮЙ, ТАНИЛ ТАЛААРАА АВДАГ, ААВ,  ЭЭЖ АЛБААР СОНГУУЛСАН ЮМ ЧИНЬ ӨӨРСДӨӨ ТӨЛНӨ БИЗ гэх зэрэг хандлага гаргаж цагаа үрж байгаа бол тухтай амар амьдралаа солиод үзээрэй. Бүх удирдлага өөрт чинь байгаа, өөрийгөө дайчлахаа битгий болиорой. ИХ ДЭЭД СУРГУУЛИА ТӨГСӨӨД АМЬДРАЛД ТАВТАЙ МОРИЛ ГЭДЭГ Ч АЛЬ ХЭДИЙНЭ ЭХЭЛЧИХСЭН БАЙДАГ.

-Маш шахуу хуваарьтай ажилладаг юм шиг санагдлаа. Ажил, хичээл, сайн дурын ажлаа хэрхэн амжуулдаг вэ. Цагийн менежмент их чухал юм шиг байна?

-Өөрийнхөө хүслээр сайн дурын ажил хийдэг болохоор төлөвлөгөө гаргадаг. Олон зүйлд явна гэж хэлээд орхигдуулвал муухай шүү дээ. Тийм болохоор хариуцлагатай байж цагаа барин, хийх зүйлээ тултал нь хийж, хамгийн гол нь байгаль орчин, найз нөхдийн бодол санааг сонсон хамт сайхан энерги бүтээлцэх дуртай. Хэрвээ та АМЖИХГҮЙ БАЙНА АА гэж бодож байгаа бол хүн дуртай зүйлдээ үргэлж цаг гаргадаг болохоор хийж байгаа зүйлдээ дүгнэлт хийгээд өөртэйгөө ярилцаад үзээрэй. Их зүйлс хийх тусам улам илүү их цаг гардаг. Эцэст нь ЗАЛУУ НАС ГЭДЭГ ӨӨРӨӨ ГЭРЛИЙН ХУРД мэт гэдэг ч хайрлаад хөгжөөд явбал БҮХ БОЛОМЖ НЬ НЭЭЛТТЭЙ байдаг бусад хүмүүс ч ойлгож хүндэлж алдсан нь хэлээд өгдөг болохоор үнэн сэтгэлээсээ нээлттэй, алсын хараатай байвал аяндаа л бүх юм бүтдэг.

...Зорилгоо зөв тодорхойлж төлөвлөгөө гаргаарай. Надад зургаан дууссан дэвтэр байдаг ихэнх нь биелсэн...

Keterangan foto tidak tersedia.

-Тантай ярих үед лабораторид ажиллаж байгаа гэж байсан. Энэ талаар?

-Монгол Улсын Их Сургуулийн болон ШУТИС-ийн Наношинжлэх ухааны лаборторид ажиллаж, Хоёр хэмжээст материалын Атомын хүчний микроскопын судалгаа сэдвээр дипломын ажлаа бичиж байгаа юм.

-Австралийн их дээд сургуулиас суралцуулах хүсэлт ирсэн гэсэн. Сургуулиа төгсөөд тэнд суралцахаар төлөвлөж байна уу?

- Манай мэргэжил 15 оюутан элсүүлэн суралцуулдаг бөгөөд үүнээс төгсөх нь цөөнхөн байдаг юм билээ. Цаашлаад гадаадад үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй оюутан ч мөн бага байдаг тул хүсэлт илгээсэн дариу хариу ирсэн. Мэдээж IELTS 6.5+ оноотой байж тэтгэлгээ авах боломжтой болохоор дараа жилийн хоёрдугаар сард өгөхөөр төлөвлөж байна. Австрали улсын Засгийн газрын тэтгэлэг нь 2-5 сард болдог бөгөөд ажлын хоёр жилийн туршлагатай байх шаардлагатай ч өөрийн ажиллаж буй судалгааны ажлаараа тэнцсэн. Одоо залуучууд сурч яах юм, гадаадад л сурна гэдэг. Гэтэл Монголд ИЙМ ИХ БОЛОМЖ БАЙНА. Мэдээж дөрвөн  жил гадаадад сурах сургалтын төлбөрийг Монголын цалинтай харьцуулвал боломжгүй. Гэвч Монголдоо бакалавраа төгсөөд магистер, доктороор сурвал тэтгэлэг авах боломж 80 хувь байдаг.

-Өөртэй чинь адил залууст юу гэж хэлмээр байна вэ?

-Өөрийгөө нээн илрүүлж чамайг гэх хүмүүст юу хүсэж байгаагаа зөвөөр ойлгуулан өдөр бүр ярилцдаг байгаарай. Өөртөө л найд. Чи эрүүл саруул, эцэг эх тань өмсөх хувцас, орон гэртэй байлгаж л байвал ачийг нь хариулахын тулд хувийн зохион байгуулалт сайтай байгаарай. Цаашлаад  зорилгоо зөв тодорхойлж төлөвлөгөө гаргаарай. Надад зургаан дууссан дэвтэр байдаг ихэнх нь биелсэн. Тууштай байхын хажуугаар би найз нөхөдтэйгөө цагийг хөгжилтэй өнгөрүүлэх, даалин оёх, дотны хүмүүстээ туслах, давхар сургалтад суух, дасгал хөдөлгөөний клуб, лаборторид ажиллах, сайн дурын үйл ажиллагаанд оролцох зэрэг олон ажилд чанартай нэг цагийг зарцуулж өдөрт найман цаг унтаж эрүүл хооллохыг хичээдэг. Та л хичээвэл чадахгүй, хүрэхгүй газар гэж үгүй. АМЖИЛТ ГЭДЭГ ХҮРЭХ ЦЭГ БИШ АМЬДРАЛЫН ХОРОМ МӨЧ БҮРД СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ НЬ ӨӨРӨӨ АМЖИЛТ ЮМ. Та бүгд мундаг шүү. Эрүүл чийрэг байгаарай. Амжилт хүсье.