ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх санал 100 мянга хүрнэ гэдэгт огт эргэлзээгүй

O.Admin
2023-10-24

Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлэх санал 100 мянган иргэний дэмжлэг авч, УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой болсон. Энэ талаарх таны байр суурийг сонирхож байна?

-Эрх бүхий субьект хуулиа өргөн барих юм байна. Түүнийг нь УИХ-ын бүтцийн шат шатны байгууллагууд хэлэлцээд явах юм байна. Татвартай холбоотой учраас Засгийн газрын байр суурь чухал. Одоо бол 2024 оны төсөв өргөн баригдсан, хэлэлцээд явж байгаа. Төсөв өргөн баригдахаас өмнө төлөвлөх шатанд энэ асуудал огт яригдаагүй.

Батлах шатанд оруулаад ирсэн хойно төсөвт ийм хэмжээгээр чихэж оруулна гэвэл төсвийн тогтворгүй байдал үүснэ. Ирэх оны төсөвт ямар ч боломжгүй. Төслийг санаачилж буй талаас тооцоо судалгаагаа өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байгаа. Сангийн яам ямар үндэслэлтэй, төсөвт ямар орон зай, боломж байгаа талаарх тооцоо судалгааг нь харж байж ярилцмаар байна.

-Ер нь УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд иргэдийн саналын дагуу өөрчлөх боломжгүй гэсэн үг үү?

-Dparliament өөрөө олон нийтийн хэлэлцүүлгийг цахимжуулсан хэлбэр. Зөв хэрэглэвэл маш чухал. Богино хугацаанд, бодитой санал хураалт хийж болох юм байна гэдгийг харлаа. Гэхдээ сэдэв, агуулгын хувьд зохицуулалт хэрэгтэй юм байна. Татвар, эрүүгийн хууль гэх мэт эрсдэлтэй асуудлаар санал ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож нэмэх санал 100 мянган иргэний дэмжлэг авна гэдэгт би огт эргэлзээгүй. Энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Эдийн засаг ийм хэврэг байгаа үед энэ сэдэвт ингэж тооцоо судалгаагүй хандаж болохгүй.

-ХХОАТ, НДШ-ийг бууруулах санал Dparliament дээр өчигдрийн байдлаар 40 мянгыг давсан байсан. Энэ талаар?

-Энэ асуудал ч 100 мянга хүрнэ. Гэхдээ төсөвт маш тогтворгүй байдал үүсгэнэ. НӨАТ-аасаа ч том асуудал шүү. НӨАТ бол иргэдийн төлдөг шимтгэл, НДШ бол ажил олгогчийнх. Ойлгомжгүй маш олон асуудал үүсчихээд байна. Цалинтай ээжийн тэтгэмжийг нэмэх санал гарсан байна. Ар араасаа хүсч болох бүх л асуудал орж ирэх байх. Сонгуулийн өмнө эдийн засгийн тогтворгүй байдал үүсгэх нь өөрөө маш эрсдэлтэй. Төсвийн алдагдал ихэсвэл манай улсын зээлжих зэрэглэл, гадаад өрийн асуудал яригдаж эхэлнэ. Энэ мэтээр тогтворгүй байдал үүсчих вий гэдэгт санаа зовж байна.

-Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд эсэргүүцэж зөвлөмж өгч байна гэсэн. Энэ үнэн үү?

-Үнэн байлгүй яах вэ. КОВИД-ын өмнөхөн Шри Ланк улс НӨАТ-аа 15 хувиас найм болгож бууруулсан. Үүнээс болоод төсвийн алдагдал нь нэмэгдсэн. Төсвийн алдагдал нь нэмэгдсэнээс болж зээлжих зэрэглэл нь буурч, гадаад өрнөөс хамааралтай дампуурал зарласан. Хоёрхон жилийн дараа буцаагаад 15 болгосон. Одоо ОУВС-ын маш хүнд хөтөлбөрт ороод явж байгаа юм билээ. Яг үүний араас орчихвол хөрөнгө оруулагч нар гайхаж эхэлнэ.