ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШШГЕГ: Б.Ганхуягийн биеийн байдал хэвийн, хордлогын шинж илрээгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-07

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн биеийн байдал хүндэрч, үс, цуснаас нь хүнцэл, хар тугалга илэрсэн гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өчигдөр хийсэн.

Тэгвэл ШШГЕГ-аас уг асуудлаар албан ёсны тайлбар өглөө. Тодруулбал, ШШГЕГ-аас “461 дүгээр хорих ангид 800 гаруй хоригдогч хоригдож байна. Тэд нэг гал зуухнаас хоолоо идэж байгаа.  Б.Ганхуягаас их хэмжээний хүнцэл илэрсэн гэх яриа гарсан. Хүнцэл нь хүний биед зайлшгүй байх химийн элемент" хэмээв. 

Харин 461-р ангийн эмчлэгч эмч "Б.Ганхуяг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 07-нд цагдан хоригдсон. Үзсэн жижүүр эмчийн тэмдэглэлд биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзүүлэлтээр бол хоёр хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой гэж хүлээж авсан тэмдэглэл үзлэг байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад явж байгаа. Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт тавдугаар сард "Интер мед" эмнэлэгт, арваннэгдүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хоригдож байх хугацаандаа байнгын өдөр тутмын хяналтын үзлэг хийж байсан. Зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар эмгэг өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлтүүд нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй.

Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна. Шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. Аравдугаар сард хордлого өгөөд хөл гараар нь тууралт гарсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой тайлбар мэдээлэл өгөхөд бид нар Арьс судлалын үндэсний төвөөс эмч ирж үзүүлсэн. Эдийн шинжилгээ авсан. Энэ хариу нь энгийн ширшилт хайрст үлд гэж гарсан. Өнөө өглөө үзэхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Хордлогын шинж тэмдэг илрээгүй" гэв.