ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Адьшаа: Нүүрсний хулгайд гүтгэсэндээ уучлалт гуйгаарай, Б.Энхбаяраа

O.Admin
2023-12-08

Нүүрсний сонсголын гэрч Б.Ганхуягийг сонсголд оролцуулаагүй асуудал улстөржилт болон үргэлжилж байна. Түр хорооны дарга Б.Энхбаяр өчигдөр сонсголын үеэр "Ш.Адьшаа гишүүн өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Төрийн ордонд оруулж, над руу зохион байгуулалттай акц хийсэн. Энэ сонсгол бүхэлдээ үр ашиггүй, үр дүнгүй гэж сонсголыг таслан зогсоох гэсэн санаархлаа зогсоох хэрэгтэй. Нүүрсчид энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. Адьшаа гишүүн өнөөдрийн сонсголд яригдаж, хоёр дахь сонсголд дуудагдана" гэж мэдэгдсэн.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Түр хорооны даргын үгийг үгүйсгэж, түүнийг уучлалт гуйхыг шаардлаа. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Нүүрсний  хулгайгаас гадна олон том хулгай, луйвар бий. Түүнийг эрх баригчид илрүүлэхийг хүсэхгүй байна. Харин хулгайн хэрэгт хамааралгүй хүмүүсийг үндэслэлгүй гүтэх, хамаатан садныг нь нүүрсний хулгайд холбоотой мэт татан оролцуулж байгаад харамсаж байна.

Би 2020 онд УИХ-ын гишүүн болсон. Түүнээс хойш нэг ч удаа нүүрсний хэрэгт холбогдоогүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье. Намайг “жижиг таван толгойн нүүрсний хэргийн сонсголд оруулна” гэж Б.Энхбаяр сайд зарлаж, шинжээч нь мэдэгдэл өгсөн. Гэвч оруулаагүй. Энэ увиагүй үйлдэлдээ уучлалт хүсээрэй” гэв.