ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа

O.Admin
2023-12-12

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-ын чуулганы 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хуулийн хугацаа буюу 60 нас хүрэхээс өмнө нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмж авах, эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцох, хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан зэрэг зарчмын гол өөрчлөлтүүдийг тусгасан. Мөн хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагын алба хаагчдын эрх зүйн байдал, нийгмийн баталгаа сайжирч, хууль тогтоомжийг нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой болсон юм. Уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.

Үүнээс гадна "Зэвсэгт хүчний зэвсэг техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого” баримт бичгийг энэ оны аравдугаар сарын 23-нд УИХ-д өргөн мэдүүлээд байсан бол тус хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжиж холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн ашиглалт, хадгалалтын байдлыг сайжруулах, сэргээн сайжруулах, засвар, техникийн үйлчилгээг зохион байгуулах, Цэрэг- техникийн хамтын ажиллагааны хүрээнд техникийн шинэчлэлтийг хийх, Орчин үеийн дэвшилтэд технологид тулгуурласан зарим нэр төрлийн техник, хэрэгслийг эх орондоо үйлдвэрлэх гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэх юм.

Тус бодлогын баримт бичиг батлагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэх үйл ажиллагаа сайжирч, цэргийн урлагийн хөгжлийн чиг хандлага, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэгт нийцсэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилтэт технологид суурилсан өндөр бүтээмжтэй зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангагдах эрх зүйн таатай орчин бүрдэх ач холбогдолтой.