ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Ипотект хамрагдаж чаддаггүй зорилтот бүлгийг түрээсийн орон сууцанд хамруулна

O.Admin
2023-12-27

Ипотекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас Засгийн газарт үе шаттайгаар шилжүүлэх ажлын хүрээнд Орон сууц санхүүжилтийн корпорацийг байгуулахаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэжээ.

Энэ талаар БХБ-ын сайд Ц.Даваасүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр “Одоо хэрэгжиж буй ипотекийн тогтолцооноос онцлог хэд хэдэн зүйл байгаа. Багц дэд хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлнэ. Тухайлбал, анх орон сууц худалдан авч байгаа залуу гэр бүл, төрийн албан хаагч, орон нутагт амьдарч буй иргэдэд чиглэсэн гэх мэтээр багцлах юм.

Гол анхаарах асуудал нь орлого багатай иргэд  ипотекийн зээлд хамрагддаггүй юм байна. Судалгаанаас үзэхэд, ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн сарын орлого нь хоёр саяаас дээш байна. Бидний тооцоолсноор 19 мянга гаруй өрхийн сарын орлого нь 500 мянган төгрөг хүрдэггүй. Эдгээр айлууд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Тиймээс тэднийг хамруулахад чиглэсэн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Ипотекийн зээлийг тодорхой зорилтот бүлэг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн орон сууцны санхүүжилтэд зарцуулна. Тухайлбал, түрээсийн орон сууц. Ипотекийн зээл авах боломжгүй иргэдэд түрээсийн орон сууц олгоно гэсэн үг. Бусад оронд 20-30 жил гэх мэтээр хугацаа нь урт байдаг. Бид 2024 онд багтаж энэ тогтолцоо руу шилжинэ. Төрийн орон сууцны санхүүжилт өмнөх тогтолцооноос өөр хэлбэрээр явна гэж ойлгоход болно. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлийн хөтөлбөрүүдэд хамрагдаж чадахгүй байгаа эмзэг бүлгийн иргэдээ хамруулсан хөтөлбөр болж өөрчлөгдөж байна” гэлээ.

Мөн "Өнөөдрийг хүртэлх хугацаанд ипотекийн зээлд 7.2 их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан. Жилд 600-700 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Энэ процесс цаашид үргэлжилнэ. Эдийн засгийн чадамжтай уялдуулж, нэмэлт хөтөлбөрүүдийг санаачилна. Мөн эмзэг бүлгийнхэнд зориулсан санхүүжилтийг төсвөөс гэх мэтээр өөр байдлаар гаргахаар ярьж байна” гэсэн юм.