ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Амарсайхан: Шатсан орон сууцыг Засгийн газрын нөөц хөрөнгөөр засварлана

O.Admin
2024-01-25

Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотой Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөв.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймэртэй холбоотой хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Юун түрүүнд, өргөсөн тангарагтаа үнэнч байж,  төр ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаад амь эрсэдсэн ОБЕГ-ын алба хаагчдын ар гэрт олгох мөнгөн тусламж, тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, ослын улмаас гэмтэж бэртэн эмнэлэгт эмчлүүлж байгаа иргэдийн эмчилгээнд зориулсан тодорхой санхүүжилт, ард гэрт нь дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэлээ. Гуравдугаарт, гал түймэрт өртсөн 60 айлын орон сууцыг засахтай холбоотой санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр боллоо. Мэргэжлийн барилгын компаниудыг мэргэжлийн дүгнэлтэд үндэслэн засах зардлыг шийдвэрлэлээ.

Дөрөвдүгээрт, байр орон сууцыг засах хугацаанд тухайн байранд оршин сууж байсан иргэдийн түрээсийн байрны зардлыг мөн шийдвэрлэж байгаа. Тавдугаарт, осол гэмтэл гарсантай холбоотой шалтгааныг мэргэжлийн байгууллагууд шалгаж байна. Учир шалтгааныг мэргэжлийн үүднээс хууль дүрмийн хүрээнд шалгах ажиллагаа үргэлжилж байна. Орон сууцны барилга байгууламж, орц гарц, замын асуудал хөндөгдсөн. Ерөнхий сайдын зүгээс стандартыг дагаж мөрдөхийг нийгмийн үйл хэрэг болгох асуудлаар ажлын хэсэг байгуулж байна. Ажлын хэсэг стандарт норм, дүрэм журмыг хувь, хувьсгалын бүх шатанд мөрдүүлэх, улсын хэмжээнд өрнүүлэх, шаардлагатай бол өөрчилж, шинэчлэх ажлыг зохион байгуулна. Бүх салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцож, стандартаа нэг мөр цэгцлэх зайлшгүй шаардлага байна. Бид цаг үеийн бусад мэдээллийг тасралтгүй өгөх болно" гэлээ.