ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Леонардо Да Винчигийн алдарт  Мона Лизагийн хөрөг рүү шөл цацжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-29

Францын Парис хотын Луврын музей рүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч хоёр эмэгтэй халдаж, Леонардо Да Винчигийн алдарт Мона Лизагийн хөрөг рүү шөл цацжээ.

Тэд шар өнгөтэй шөлийг Мона Лиза зургийн хамгаалалтын шил рүү цацаж, “Аль нь илүү чухам юм. Урлаг уу, эрүүл хүнс хэрэглэх эрх үү. Энэ улсын хөдөө аж ахуйн систем өвчилсөн байна. Хөдөө аж ахуй эрхлэгчид, тариачид ажлаа хийж байхдаа үхэцгээж байна” хэмээн хашгирч байжээ.

Парис хотын цагдаагийн албаныхан уг хоёр эмэгтэйг баривчилсан байна. Луврын музейд хөнгөн зууш идэхийг зөвшөөрдөг ч, үзэсгэлэнгийн өрөөнд бол хориглодог юм байна. Харин уг хоёр эмэгтэй кофены аяганд шөлөө хийсэн байжээ. Азаар Леонардо Да Винчигийн алдарт Мона Лиза хөрөгт ямар нэг гэмтэл учраагүй аж. Уг халдлагын дараа үзэсгэлэнгийн танхимыг нэг цаг орчим хаагаад, нээжээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид өөрсдийн санаачилсан хөдөлгөөнөө олны анхаарлын төвд оруулахын тулд уран зургуудыг онилох болжээ. Мона Лизагийн хөрөг өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртөж байсан юм.  Тухайлбал, 2022 оны тавдугаар сард нэгэн эр жигнэмэг шидэж байсан бол 1956 онд чулуу шидэж, зарим хэсгийг гэмтээснээс хойш шилэн хамгаалалт хийсэн байна.