ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

САЙН МЭДЭЭ: Герман улсад 60 гаруй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцуулах хөтөлбөр элсэлт авч эхэлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2024-04-05

ХБНГУ-ын Тюринген муж дах мэргэжлийн боловсролын сургалт болон хөдөлмөр эрхлэх боломжийг сурталчлах боловсрол, бизнесийн салбарын уулзалт өнөөдөр “Пума” зочид буудлын хоёрдугаар давхарт зохион байгуулагдав.

Герман улсад маш таатай боломжоор 60 гаруй мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, улмаар цаашаа дэвшин суралцах, эсвэл эзэмшсэн мэргэжлээрээ тухайн улсдаа ажиллаж амьдрах боломжийг олгох энэхүү төслийг Монголд “Цэсэн” сургалтын төв хамтран хэрэгжүүлж буй бөгөөд 17-25 насны залуусыг хамруулж буйгаараа онцлогтой. Энэ талаар Герман улсын Компаниудын мэргэжил сургалтын төв /FAV/-ын Гүйцэтгэх захирал Хайко Шулер хэлэхдээ “Бид 1996 оноос эхлэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, хөгжүүлэх зорилгоор мэргэжлийн сургалттай компаниуд нэгдэж, ашгийн бус холбоо хэлбэрээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 гаруй гишүүн компанитай холбоо юм. Бидний зорилго нь мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжлийн сургалт, цаашлаад боловсролыг идэвхтэй сурталчлах явдал. 1996 оноос эхлэн дадлагажигчдад зориулсан тусгай сургалтыг зохион байгуулж ирлээ. Жил бүр 120 мэргэжлээр 2500 орчим дадлагажигчдад сургалт зохион байгуулж, 8000 гаруй сурагчид болон төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зохион байгуулдаг” хэмээлээ.

Тус холбоо нь өнөө жил Монгол Улсаас 60 гаруй мэргэжлээр суралцагч элсүүлэхээр зарлажээ. Тодруулбал, Хүнсний техникч, Мужаан, Барилгын өрлөгчин, Тогооч, Зочид буудлын мэргэжилтэн, IT удирдлагын систем борлуулалтын мэргэжилтэн, Ресторан хүлээн авалтын мэргэжилтэн зэрэг мэргэжлүүд багтсан бөгөөд 17-25 насны залууст тавигдах шаардлага нь В2 түвшний герман хэлний мэдлэгтэй байх шалгуур. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, аль нэг мэргэжлийн мэргэжлийн үнэмлэхтэй бол давуу тал болно.

Хэрвээ залуус хэлний шалгуураа давж чадсан тохиолдолд суралцагчаас ердөө Герман улс хүрэх замын зардлын мөнгө, шаардлагатай тохиолдолд хэлний шалгалтаа давтан өгөх, сургалтын визний хураамжийг л шаардах ажээ.

Үлдсэн бүх төлбөр мөнгө Герман улсын талаас гарах бөгөөд суралцагч очоод дотуур байранд байрлаж, ажиллангаа суралцах боломжтой болох юм. Герман хэлний сургалтыг Монгол дахь үйл ажиллагааг хариуцаж буй “Цэсэн” боловсролыг дэмжих сангаас нэг жилийн хугацаанд тодорхой үнийн дүнтэй явуулж, суралцагчийг В2 түвшний хэлний мэдлэгтэй болгоход бэлтгэдэг ажээ. Тус төв нь дөрөв дэх жилдээ тус улс руу мэргэжил эзэмших хүсэлтэй залуусыг бэлтгэн гаргаад буй туршлагатай байгууллага болжээ.

Энэ талаар “Цэсэн” боловсролыг дэмжих сангийн тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа ярихдаа “Тюринген мужид нарийн мэргэжил эзэмших сургалт нь хосолсон гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, суралцагч хагас цагт нь суралцаж, хагаст нь суралцаж байгаа мэргэжлээрээ ажиллах боломжтой гэсэн үг. Цалин авангаа 2.5 жил сураад эх орондоо ирж болно эсвэл тэндээ ажиллаж, амьдарч ч бас болно. Дөрөвдэх жилдээ бид суралцагч явуулж байгаа.

Жил бүрийн хавар элсэлт эхэлж, Тюринген мужаас боловсролын салбарынхан болон тэндээ мэргэжлээрээ ажиллах боломжийг хангах учиртай Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах албан тушаалтнууд ирж, мэдээлэл өгдөг. Сургалтын элсэлт маргаашнаас эхэлнэ. Герман хэлний В2 түвшний шалгалт өгсөн мэргэжлийн сертификаттай залуус шалгалт өгч, тэнцсэн тохиолдолд суралцах боломжтой. Хөтөлбөрөө дуусгаад Их дээд сургуульд элсэх боломжтой, эсвэл тэндээ мэргэжлээрээ ажиллах ч боломж бий.

Өнгөрсөн хугацаанд 60 орчим оюутан яваад одоо сургуулиа төгсөөд ирэх гэж байна. Одоо 70 орчим залуус хэлний сургалтдаа сууж байгаа. Герман хэлний түргэвчилсэн сургалт маш үр дүнтэй. Манай залуус хэл сурах маш авьяастай. Манай улсаас гадна таван улсад энэхүү хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэтэл тэдгээр улс орнуудаас манай монгол залуусын сурах хүсэл эрмэлзэл үнэхээр төгс гэдгийг хэлж байна. Сурах чин хүсэлтэй, мэргэжлээ бүрэн судлахыг хүсэж байгаа л бол энэ боломжийг алдаж болохгүй юм” гэлээ.

Тэгвэл ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотод байрлах Худалдаа аж үйлдвэрийн танхимын захирал ярихдаа “Энэхүү төсөл гурван жил гаруйн хугацаанд үргэлжилж байгаа. Төслийн хүрээнд Монголд өсвөр насны залуусыг мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар манай улсад өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр суралцангаа ажиллах боломжийг олгож байгаа юм. Онол, дадлага хосолсон хэлбэрээр мэргэжил эзэмших юм.

Төсөл маш амжилттай явж байна. Монгол Улс академик сургалтаас гадна мэргэжил олгох сургалтыг дэмжиж байгааг сонсоод би өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Та бүхэн манай улсад мэргэжил эзэмшсэнээр манай улсад ажиллаж, амьдрах боломж нээгдэх юм. Хоёр талдаа ашигтай энэ төсөл амжилттай явна гэдэгт итгэж байна.

Манай мужид мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага маш их байгаа. Яагаад гэхээр, сүүлийн жилүүдэд тэтгэвэрт гарч буй хүний тоо ихэссэн учраас мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй гэдгийг манай аж ахуйн нэгжүүд бидэнд ханддаг учраас манай улсад ажиллах мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ их байгаа” гэв.

Тюринген нь ХБНГУ-ын төвд байрладаг муж юм. 2.1 сая орчим хүн амтай бөгөөд 16.000 хавтгай дөрвөлжин километр талбайтай тус улсын хамгийн жижиг мужуудын нэг аж. Мужийн нийслэл ба хамгийн том хот нь Эрфурт бол бусад төвүүд нь Еэна, Ваймар, Айзенах ажээ. Тус муж нь үндэсний болон олон улсын нэр хүндтэй соёлын дурсгалт газруудын нягтрал ихтэй. Юнеско-ийн дэлхийн өвд “Сонгодог Веймар”, Веймар дахь Баухаус, Айзенах орчмынм Вартбург, Европын эртний шаргал ойн хэсэг болох Хайнихийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн тус, тус багтдаг ажээ.

...Хэрвээ уншигч залуус та бүхэн энэхүү сургалтыг сонирхож буй бол маргааш буюу энэ сарын 6-ны өдөр UBH төвийн 14 давхарт 1402 тоотод 12.00 цагаас очиж сургалт авахаас гадна Хөгжил төв фэйсбүүк хуудсаар холбогдон мэдээлэл авах боломжтой юм байна.