ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Болдбаатар: Цэргийн хүний үндсэн хөдөлмөр сургалт бэлтгэл юм

O.Admin
2024-04-08

Зэвсэгт хүчний 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас Хуурай замын цэргийн нэгтгэл, ангийн байлдааны буудлагатай нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг улс орон даяар амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиуд нэгдсэн байдлаар Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийг түшиглэн тактикийн хээрийн сургуулийг явуулсан бол орон нутаг дахь ангиуд сургуулийнхаа төвийн районд өгөгдсөн сэдвийн хүрээнд бие даан явууллаа.

Арав гаруй хоногийн туршид үргэлжилсэн нэгдсэн тактикийн сургууль гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд мотобуудлагын хороо, төрөл мэргэжлийн ангиудын бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, салбаруудын галын болон тактикийн харилцан ажиллагааг дээшлүүлэхэд чиглэгдэв. Сургуулийн удирдагчаар Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр ажилласан юм. Нэгдсэн тактикийн хээрийн сургуулийн төгсгөлд хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагыг 04 дүгээр сарын 05-ны энэ өдөр мөн улс орон даяар амжилттай зохион байгуулагдаж, нэгдсэн хээрийн гаралтын зорилго, зорилтыг бүрэн дүүрэн хангасан юм.

Mungkin gambar 9 orang

Хуурай замын цэргийн таван нэгтгэл, ангийн хамтарсан хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагын явцтай Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр, Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Агаарын цэргийн штабын дарга хурандаа Б.Энхзоргол тэргүүтэй албаныхан танилцаж, өгөгдсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдад баяр хүргэсэн юм.

Бригадын генерал Ч.Цогтжаргал буудлагаа амжилттай гүйцэтгэсэн бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ “Сургуулийн төгсгөлд явуулж байгаа хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлага нь зөвхөн Улаанбаатар цэргийн хүрээний нэгтгэл, ангиар хязгаарлагдахгүйгээр алс хол Ховдын хязгаар, Дорнодын тал, Сэлэнгийн хөвөө, Өмнийн цэнхэр говьд нэгэн зэрэг амжилттай зохион байгуулагдлаа. Сургуулийн явцаас харахад салбаруудын галын болон тактикийн харилцаа ажиллагаа улам дээшилсэн байгаад баяртай байна. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчид байлдааны бүх зэвсэглэлээр онч мэргэн буудаж байгаа нь сургуулийн нэгэн зорилгр биеллээ" гэж онцлоод энэхүү сургуулийг амжилттай зохион байгуулахад Хуурай замын цэрэг хэмээх их айлаар овоглосон офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, ажилтан албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл байгааг тодотгож байсан юм.

Mungkin gambar 3 orang

Бригадын генерал Ж.Болдбаатар цэргийн хүний үндсэн хөдөлмөр бол сургалт бэлтгэл, энэ бэлтгэлээр бид өөрсдийгөө хурцалж, өнгөлж, чадавхиа улам бүр нэмэгдүүлэх ёстой. Хээрийн гаралт гэдэг хүн бүрийн тэгш оролцоо дээр тулгуурласан бидний хамгийн амин чухал сургалт. Өнөөдөр энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулсан Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайдын нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье гэсэн юм.

Энэ үеэр буудлагад онцгой мэргэн байсан зарим офицер, ахлагчид Батлан хамгаалахын сайдын нэрэмжит шагналыг хүртээж, хугацаат албаны зарим дайчдад “Онц сурлагатан”, “Тамирчин дайчин”, “Онц буудагч“ тэмдгийг дайчин нөхдийнх нь өмнө баяртайгаар гардуулан өглөө.

Тухайлбал, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн байлдагч Б.Насанбуян, Н.Гандэлгэр, О.Майдар, Н.Мөнх-Очир, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн дэд түрүүч Г.Буянжаргал, байлдагч К.Белхан, Х.Тэмүүжин, Б.Сумъяабазар, Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн түрүүч Э.Тэмүүлэн, ахлах байлдагч Б.Буян-Очир, байлдагч Б.Мөнхчулуун, Ц.Хүрэлбаатар, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн ахлах байлдагч С.Билгүүн, Б.Содгэрэл, байлдагч Б.Мөнх-Эрдэнэ, Л.Нарансүх, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн түрүүч О.Чингүүн, байлдагч П.Отгонбаяр, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн байлдагч Б.Өсөх-Ирээдүй, А.Төртшмэн, Б.Амгаланбат, Э.Оюунбаатар нар тус тус хугацаат албаны дайчдад олгогддог хүндтэй шагналын эзэд болсон юм.

Mungkin gambar 3 orang

Мөн энэ өдөр албаны хүмүүс болоод хэвлэл мэдээллийн ажилтнууд, хугацаат албаны дайчдын ар гэрийн төлөөлөл тактикийн хээрийн сургуулийн явцыг цэргийн холбоочдын тусламжтайгаар нэг дор нь үзэж сонирхсноороо онцлог байв. Цэргийн холбоочид дрон болон камерийн тусламжтайгаар мотобуудлага, артиллер, зенитийн салбаруудын галын буудлагыг дэлгэцээр шууд дамжуулж, үзэгч олноо хүргэсэн юм.

Үүгээр зогсохгүй Зэвсэгт хүчний 123, 167, 186, 256, 327 дугаар ангийн хээрийн байрлалаас нь хүч нэмэгдүүлсэн ротын байлдааны буудлагыг шууд дамжуулж, ангийн захирагч нарын илтгэл, мэдээллийг сургуулийн удирдлагуудад газар дээрээс нь хүргэж байв. Энэ үеэр ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал Ж.Өсөхбаяр Хуурай замын цэргийн командлалын удирдлагуудад өндөр зохион байгуулалттайгаар сургуулийг зохион байгуулсанд талархал дэвшүүлж, бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг нэмэгдүүлэхэд энэхүү хамтарсан сургууль хамгийн үр дүнтэй бодит ажил гэж онцоллоо.

Mungkin gambar 7 orang

Ийнхүү нэгдсэн хээрийн гаралтын төгсгөлд зэвсэг техникийн ёслолын жагсаал зохион байгуулагдаж, Хуурай замын цэргийн штабын дарга хурандаа Ц.Буяндэлгэр бүрэлдэхүүнд өгөгдсөн үүрэг даалгавраа алдаа мадаггүй амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлж, хээрийн бэлтгэлээс олж авсан мэдлэг чадварыг ажил албандаа өнгөлж, мөрдөж явахыг захилаа.

Mungkin gambar 3 orang, arktik dan teks

Ротын буудлагатай нэгдсэн тактикийн хээрийн сургуулийг хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй ажилтнууд сурвалжилсан юм.