ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СУРВАЛЖИЛГА: Хэзээ үерт автах бол гэж айгаад унтаж чадахаа больсон

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-04-09

"Dardas.mn" мэдээллийн сайт иргэдийг мэдлэгжүүлэх, сэрэмжлүүлэх, гарц шийдлийг олох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойг нь хүргэх үүднээс цуврал сурвалжилга, нийтлэлийг уншигчдадаа бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаа Сэлбэ гол дагуух зарим хотхоны иргэдийн нөхцөл байдлыг сурвалжилснаа хүргэе.

Бямба гараг: Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо 16.25 цаг:

Өнгөрсөн жилийн үерийн усанд идэгдэж, гэмтсэн энхэл донхол зам. Хажуухнаар нь Сэлбэ гол урсах бөгөөд яг захад нь 84, 91 дүгээр байрууд оршино. Хананы цаана, цонх бүрийн дотор янз бүрийн амьдрал өрнөх хэдий ч тэд одоо бүгд нэг зовлонтой болжээ. Өнгөрсөн жил дөрвөн хүний амь авч одсон аймшигт үерийн хар бараан дурсамж мартагдаж амжаагүй байтал хавартай золгов уу, үгүй юу Сэлбэ голын усны түвшин нэмэгдэж иргэд дахин үерт автах вий гэсэн айдастай амьдарцгааж байна. Голын захад суудлын машинууд эгнүүлэн тавьсан байх бөгөөд хөх өнгийн приус машинаас хивс, эд хогшил зөөж зогсох 30 орчим насны залуутай манай сурвалжлах хэсэг тааралдлаа.

Тэрбээр “Өнгөрсөн жилийнх шиг үер болох вий гэж айгаад машинаа гараашдаа хийхээ больсон. Манай оршин суугчид их, бага гэлтгүй хохирсон. Манай найз гэхэд дөнгөж авсан шинэ үнэтэй машинаа гараашдаа тавьсан байхдаа үерт автуулчихсан. Гэсэн ч байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас хохироод л дууссан даа. Борооны улирал эхлэхээс өмнө үерийн хаалт хашлага хийлгэмээр байдаг ч дорвитой арга хэмжээ авч байгаа юм алга” хэмээн бидэнтэй хуучиллаа. Хоёр хүүхдээ салхилуулах нэгэн аав “Бид СӨХ-ны хурал хийж, үерийн хаалт хамгаалалт хийлгэх санал хүсэлтээ хороо руу уламжлахаар болсон. Үнэнийг хэлэхэд айдастай байна” хэмээв.

“Сэлбэ гол өдөртөө гайгүй ч шөнөдөө урсгал нь нэмэгдэх болсон. Үерт өртөх вий гэж айгаад шөнө ч унтахаа болилоо. Энэ зун өнгөрсөн жилээс илүү хуртай байна гэсэн. Төр засаг, нийслэлээс яаралтай үерийн хамгаалалтыг шийдэж өгөхгүй бол дахиад л усанд автах эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна” гэж оршин суугч хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүй ярилаа.

Нийслэлээс ямар нэг арга хэмжээ авахыг иргэд хүлээсээр байна

Биднийг тэнд очих үед Сэлбэ голын ус булингартан хүчтэй урсах бөгөөд хугарч унасан тоостой саарал бургаснууд энд тэндгүй хөвнө. Баянзүрхр дүүргийн 43 дугаар хорооны 84 орон сууцны 52 байрных нь гарааж, талбай өнгөрсөн зуны үерийн усанд автжээ. Түүнээс хойш “Сэлбэ сэргэлт” төсөл хэрэгжүүлэх талаар албаныхан ярьсан ч одоогоор бодит байдалд хийгдсэн ажил алга байх аж.

Бид “Сэлбэ 96” СӨХ-ны даргатай утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Өнгөрсөн долоо хоногт хороо руу үерийн хамгаалалт яаралтай хийх талаар албан бичиг хүргүүлсэн. Хариу ирээгүй. Сэлбэ голын түвшин оройдоо нэмэгдээд, өглөө нь гайгүй болдог. Одоохондоо гайгүй ч бид үнэхээр айдастай байгаа” гэх хариулт өглөө.

Хорооны дарга Б.Баярсайхан ч шар усны болон зуны борооны үерээс оршин суугчид айж байгааг онцолсон ч, хамгаалалтын хашлага хийгээд урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын талаар тоймтой хариулт өгсөнгүй. Шар усны үер хальсан үед нийслэлээс бохир усыг соруулан ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд өнгөрсөн жилийнх шиг шороо шуудайлж, далан босгох арга хэмжээ авч болзошгүйг учирлаж байв.

"Таван богд" компани зөвшөөрвөл үерийн хашлага босгоход татгалзах зүйлгүй гэсэн тухай мэдээллийн дагуу хорооны дарга биечлэн очиж уулзсан хэдий ч “S outlets” дэлгүүр орчмын хэсэгт л үерийн далан босгох тухай дурдсан талаар ярьж байлаа. Ерөнхийдөө нийслэлээс үерээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авахыг тэд хүлээсээр айдастай амьдарч байна.

Б.Аюулзана: Сэлбийн голдирол хоосон байсан бол үерийн ус халихгүй байсан

Манай сурвалжлах баг Сэлбэ голд яагаад халиа үүсэх болсон шалтгааныг мэргэжлийн судлаачдаас тодруулахаар ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Аюурзанатай уулзсан юм. Учир нь өмнө хэзээ ч халиа дошин үүсгэж байгаагүй гэдгийг усны мэргэжилтнүүд хэлж буй юм. 

Тэрбээр “Гол өөрийн гэсэн орон зайтай. Жирийн үед нарийн ч үерлэвэл маш өргөн талбайг хамарч урсдаг. Харамсалтай нь 2010 оноос хойшхи хуурай жилүүдэд голын эрэг рүү шороо түрж асган дээр нь барилга барьсан. Үүнээс болоод голын голдирол нарийссан. Энэ бол үерийн эрсдэлийн шалтгаан юм. Сэлбэ голын эрэг дагуух Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны айл өрх усанд автсан шалтгаан нь "S Outlet" болон "Акуа Гарден" хороолол юм. "Акуа Гарден" хорооллыг бүр голын голдирол дотор барьсан. Сэлбийн голдирол хоосон байсан бол үерийн ус хуримтлагдаж, хальж үерийн аюул үүсэхгүй байсан. Голд өөрийн гэсэн орон зайг нь өгөх ёстой. Ингэхийн тулд маш олон газрыг чөлөөлөх шаардлагатай болж байна. Анхнаасаа барилга барих зөвшөөрлийг буруу өгснөөс өнөөдрийн нөхцөл байдал үүслээ” хэмээн тайлбарлалаа.

Уг нь Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22 дугаар зүйлийн 2-д “Усан сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”.

Мөн 22.2.1-д “Онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглоно” гэж заажээ. Гэвч, анхнаасаа барилгын компаниуд болон ашгийн төлөөх компаниуд хууль зөрчин голын голдирол руу түрж барилга барьснаар олон иргэдийг хохироосон муу жишээ нь энэ болж байна.

3-4 усан сан барих мөнгийг үерийн дараах хариу арга хэмжээнд зарцуулжээ

Усны инженер мэргэжилтнүүд голын голдирол, татамд баригдсан барилга байгууламжийг нурааж байж олон иргэдийн аюулгүй байдал хангагдана гэдгийг онцолж байлаа. Гэвч, өнөөгийн нөхцөл байдалд өөр гарц гаргалгаа байгаа эсэхийг бид лавлаж явсан юм.

Б.Аюурзана докторын тухайд “Хууль зөрчиж барьсан барилга байгууламжаа нураах боломжгүй юм бол эрсдэл үүсгэсэн хариуцлагаа хүлээж Сэлбэ голын эрэг дагуу үерийн эрсдэл үүсгэхгүй хэмжээний хамгаалалт барихад хөрөнгө оруулахгүй бол цаашдаа айл өрх усанд автсаар л байна. Өнгөрсөн жилийн үерийн дараах хариу арга хэмжээнд 1.6 сая ам.доллар зарцуулсан. Монгол мөнгөөр таван тэрбум гаруй төгрөг. Ийм хэмжээний мөнгөөр үерээс хамгаалах дэд бүтцийн тодорхой хэсгийг барих боломжтой байсан. Тэрбумаар усан сан барилаа гэж тооцоход 3-4 усан сан барих хэмжээний мөнгийг зөвхөн үерийн дараах хариу арга хэмжээнд зарцуулсан байна. Урьдчилан сэргийлэх бүтээн байгуулалт хийхгүйгээр жил бүр ийм хэмжээний мөнгө гаргана гэвэл утгагүй шүү дээ” гэлээ.

Харин Усны газрын дарга З.Батбаяр “Олон хүний амь настай холбоотой асуудал яригдаж байна шүү дээ. Барилгын ажлаа зогсоо, нураа. Иргэдээ үерийн аюултай бүсээс нүү.  Өөрөө олон жил бизнес хийсэн, гадаадад амьдарсан хүн байж яагаад барилга нураана гэж яриад байгаа юм бэ. Нураахгүй байх арга нь юу байна гэж хүмүүс гайхдаг.

Гэтэл нураахгүй байх арга нь мөнгө гаргаж усан сан, хамгаалалтын далан барих юм. Тэр хамгаалалт нь барилгынхаа хажууд биш, эхэнд нь барих ёстой юм. Сэлбэ 34-хөн км урсдаг. Өнгөрсөн жилийн аюул 5-6 км дотор л болсон шүү дээ” гэлээ. Түүний тайлбарласнаар Сэлбэ голыг устай үед илүүдэл усыг шингээж, ус багассан үед нь тэжээх үүрэг гүйцэтгэдэг намгийг хатааж барилга барьснаас Сэлбэ үерлэх болжээ. Харин усан сан барьснаар үерлэсэн үед илүүдэл усыг хуримтлуулж, усгүй жилүүдэд голоо тэжээх ач холбогдолтой юм байна.

“Авлига” хорооллын ажил үргэлжилж, захиалгаа авсаар байна

Нийслэлээс иргэдэд эрсдэл учруулсан барилгуудыг үе шаттай буулгах ажлын хүрээнд "S outlet", "Шунхлай" компанийн барилгыг буулгасан. Гэвч, Сэлбэ голын голдирол дотор бууриа зассан "Акуа Гарден" хорооллын барилгын ажил нь үргэлжилсээр, захиалга авсаар байгаа юм.

Үүгээр зогсохгүй тус хотхоны маркетингийн албаны ажилтан нь хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ирэх хавар манай бүх барилга ашиглалтад орно. Манайхтай холбоотой асуудал шүүхийн шатанд яваа. Эхний шүүх хуралдаанд бид ялсан. Иргэд нүүж ороод нийтийн эзэмшил болчихвол нураах талаар ярихгүй байх” хэмээн ярьсан байв.

Үүнээс "Акуа Гарден" буюу “Авлига” хороолол тун удахгүй ашиглалтад орох бололтой. Бид энэ удаа зөвхөн үерийн усны асуудлыг хөндөхөд ийм байна. Гэвч, үер зөвхөн байшингийн гарааш усанд автах тухай асуудал биш билээ. Үүнийг дагаад халдварт өвчин, хөрсний бохирдол Улаанбаатарын нийт иргэдийн өмнө заналхийлж байгааг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Бид дараагийн дугаарт үерийн асуудлыг хөндсөн эрдэмтэн мэргэжилтнүүдийн шийдлийн талаарх нийтлэлээр энэхүү цувралаа үргэлжлүүлэн хүргэх болно. 

Mungkin gambar gedung pencakar langit dan teks

Эцэст нь хэлэхэд, усны эрдэмтдийн тооцоолсноор 2024 онд үер болно. Цаашлаад 2030 он хүртэл устай жил үргэлжилнэ гэдгийг албаныхан анхааруулсаар байна. Насан туршдаа амьдрах, магадгүй үр хойчдоо өвлүүлэн үлдээх орон байраа голын голдирол дунд сонгох эсэх нь хүний ухамсрын асуудал. Голын аюултай бүсэд хашаагаа хатган амьдрах нь ч иргэд бидний өөрсдийн ухамсраас шалтгаалж байна. Үл хөдлөх хөрөнгөө сэтгэл хөдлөл, сайхан амлалтаар сонгож болдоггүйг шил дараалласан гал түймэр, үерийн гамшиг бидэнд харуулж, эцэстээ хүний амиар төлснийг мартаж болохгүй. Иргэн та ухамсартай байж, хаана үл хөдлөх хөрөнгөө сонгохоо анхаардаг болооч. Бид ухамсартай ханддаг болчихвол ашиг харсан компаниуд зах зээлийнхээ зарчмаар арчигдах нь тодорхой.