ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГЭРЧ: Уналт таталтын тарилга, лаа гарсан ч Монголд орж ирээгүй

O.Admin
2024-04-15

Эмийн сонсгол өнөөдөр эхэлсэн билээ. Өнөөдрийн сонсголын үеэр тодорхой иргэд гэрчээр оролцож эмийн чанар, хүрэлцээ, тулгарч буй асуудлын талаар өөрсдийн үгээ хэлж байгаа юм. Ингээд 27 жилийн турш уналт таталт өвчинтэйгөө тэмцэж буй гэрчийн мэдээллийг хүргэе. 

-Би уналт таталт өвчтэй гэж оношлогдоод 27 жил явж байна. Эмийн чанар муу байгааг улс орон даяар мэднэ. Хамгийн гол нь гаднаас маш олон эм авч уудаг. Тэр нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй. Тэгсэн атлаа хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орчихсон.

Тиймээс ЭМД-аар эмийн сангаас авах боломжтой. Ганц эмэнд ийм байна. Бид яаралтай үед тарилга авдаг. Гэтэл ганцхан л уналт таталт намдаах тарилга байдаг. Энэ тарилга лаа хэлбэрээр Герман, Францад бий. Уналт таталттай иргэдийн холбоонд бид хүсэлт гаргаад Монос оруулж ирсэн. Гэтэл энийг эмнэлгүүд, өрхийн эмнэлэг нь хэрэглэж чадахгүй байсаар оруулж ирсэн хэдхэн лааных нь хугацаа дууссан.

Бидний уудаг эм тариагаар болчихсон. Таталт өгч байхад амаараа эмээ шууд ууж чадахгүй. Тарилгаар нь хэрэглэх боломж байсаар байтал Монгол Улсад тарилга оруулж ирээгүй байна. Хотод байгаа бид авлаа гэхэд, хөдөө орон нутаг дахь уналт таталт өвчтэй иргэд авч чадахгүй хүрэлцэхгүй байна.

B, Д вирустэй иргэдийн төлөөлөл н.Буянтогтох:

-В, Д вирустэй иргэд "Entacavir" гэх эмийг доод тал нь 10 жил түүнээс дээш ууж байгаа ч вирус нь дарагдаж байгаа юм уу гэвэл үгүй. Түүнчлэн олон улсад 30 жил хэрэглэж байгаа гаж нөлөөтэй тариаг яагаад иргэддээ шахах гээд байдаг юм бэ? Үүнээс өөр үйлчилгээ сайтай тариа гарчхаад байна шүү дээ. Төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна. 

Монголын сахарын өвчтэй иргэдийн нэгдэх “Жаргал” нийгэмлэгийн тэргүүн, диабет судлаач Г.Жаргалсайхан: 

Сахартай өвчтэй хүмүүсийн тарьж хэрэглэх олон төрлийн инсулинүүд гарчихсан. Гэтэл төрөөс үнэгүй өгч байгаа нэртэй хамгийн хямдхан, үйлчилгээ муутай, хоцрогдсоныг нь оруулж ирж байна. Сахар бол өөрийгөө хянах ёстой өвчин. Иймд өөрийнхөө сахарыг хянадаг тестэрийг хямдруулах ёстой. Тестэр үнэтэй байхаар хүн сахраа хянахгүй байсаар хүндэрчихдэг. Зөв эм тариагаа оруулж ирэхгүй байна. 

ДОХ өвчтэй хүмүүсийг төлөөлж,  ХӨСҮТ-ийн ДОХ бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны дарга н.Даваалхам: 

-ДОХ өвчтэй хүмүүсийн уудаг эмийг 2003-2013 он хүртэл ДОХ, сүрьеэ, хомхой өвчинтэй тэмцэх Глобал сангийн буцалтгүй тусламжаар ханган нийлүүлдэг байсан бол 2013 оноос эхэлж, Монгол Улсын Засгийн Газар хариуцаж эхэлсэн. 2013 онд бүх ханган нийлүүлж байгаа байгууллагуудад уг эмийг нийлүүлэх хүсэлтийг тавьсан ч нэг ч байгууллага хариу ирүүлээгүй. Иймд олон улсын байгууллагууд руу хүсэлтээ өгч НҮБ-ын хүүхдийн сан ханган нийлүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. 

Саяхныг болтол ямар ч асуудалгүй явж байсан ч сүүлийн жилүүдэд хууль эрхзүйн асуудал тулгарч эхэлсэн. Энэ эмийг хэрэглээд 21 жил болсон ч Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэлгүй, зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй. Төрөөс эмийн зардлыг нь хариуцсан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад онош нь орсон ч төрөөс даах эмийн жагсаалтад байхгүй байна" гэв. 

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын холбооны төлөөлөл н.Өлзийбаяр: 

-Элэг, бөөр шилжүүлэн суулгасан хүмүүсийн эмийн асуудал байна. 2022 оны тоо баримтаар уг эмийг 150-160 хүн уух ёстой. Сарын дундаж хэрэглээ нь нэг сая төгрөг. Энэ эмийг хүмүүс өөрсдөө худалдаж авч ууж байгаа. Эрүүл мэндийн даатгал болон төрөөс эмийн зардлын хариуцахад ч ороогүй. Мөн цөөн хүн уудаг бас нэг эмийн асуудал байна. 2006-2016 он хүртэл диализын нэг ч эм бүртгэгдээгүй явж байгаад бид өөрсдөө хөөцөлдөж байгаад бүртгүүлж, ууж эхэлсэн. 

"Наран Ижий Заяа" хавдрыг даван туулагчдын холбооны төлөөлөл н.Ариунаа: 

- Хорт хавдрын эмчилгээ 2021 оноос 100 хувь даатгалаар хийлгэх болсон ч түүнээсээ ухарч байгаа зүйл байна. Таван жилийн хугацаатай уудаг хөхний хавдрын эм олдоцгүй, эмийн сангуудад байхгүй болсон. Ясны үсэрхийлэхээс хамгаалдаг тариа даатгалд ороогүй байна. Хавдар бол хугацаа алдаж, эмчилгээ зогсвол цаашаагаа хэцүү болдог өвчин.