ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ШИНЖЭЭЧ: 11.3 тэрбум төгрөгийн хугацаа нь дууссан эм устгалд орохоор хүлээж байна

O.Admin
2024-04-16

Эмийн үнэд нөлөөлсөн хүчин зүйлийн талаар хийсэн тайлан мэдээллээ шинжээч танилцууллаа.

Шинжээч “Үйл ажиллагааны зардал болон ашигт ажиллагааны санхүүгийн тайлангаас үзэхэд Ковидын үе бол эм ханган нийлүүлэгч байгууллагуудын бизнесийн алтан үе байсан гэж харагдахаар байгаа. Татварын ерөнхий газраас ирүүлсэн мэдээгээр борлуулалтын нийт дүн эм ханган нийлүүлэгч байгууллагууд 2022 онд 2 их наяд төгрөгийг давсан. Байгууллага бүрийн санхүүгийн тайланг үзэхэд борлуулалтын орлого 2-3 дахин өссөн. Ашиг нь 4-5 дахин өсөлттэй гарсан.

Гэхдээ ашигт ажиллагааны хувьд эм ханган нийлүүлэгч компаниудын ашгийг олон улсын хэмжээнд 20 хувийг зохистой гэж үзвэл үүнийг ноцтойгоор давсан компани байхгүй. Нэрлэсэн төгрөгийн үнээр бол 4-5 дахин өсөлт гарсан. Үүнд эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн орлого багтсан дүн. Дан эм биш гэдгийг анхаарах хэрэгтэй.

Үйл ажиллагааны зардал хэсгээс борлуулалт маркетингийн зардал анхаарал татаж байсан. Ковидоос хойшхи хугацаанд эм ханган нийлүүлэгч байгууллагуудын борлуулалт, маркетингийн зардал нь хоёр дахин өссөн. Үйл ажиллагааны зардлыг хэрэглээний үнийн индекстэй харьцуулж үзэхэд ноцтой өсөлт байгаагүй.

Манай улс 77 улсаас эмийн импорт хийсэн. Словян, Герман, ОХУ-аас хамгийн их эм импортолж байна.  Импортолсон эмийн дүнг оноор татаж үзэхэд 2021, 2022 онд онцгой өсөлттэй байсан. 2021 онд нийт импортын хэмжээ 54 сая ам.доллароор өссөн. Энэ нь эмийн үнэд нөлөөлсөн байх үндэслэлтэй.

Зайлшгүй шаардлагатай эмийн үнийн өсөлтийн суурь шалтгаан нь валютын ханшийн өөрчлөлт болон Ковидын үеийн худалдан авалт гэж дүгнэж байна. Эмийн бүртгэлийн зөрүүтэй байдлыг арилгахгүй тохиолдолд цаашид төрөөс эмийн зах зээлийг зохицуулах боломжгүй гэж үзэж байна” гэлээ.

Түүнчлэн, эм  ханган нийлүүлэх байгууллагад 11.3 тэрбум төгрөгийн хугацаа нь дууссан эм устгалд орохоор хүлээгдэж байгаа тухай мэдээллийг өгөв.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:-Эмийн бизнес 2022, 2023 онд цэцэглэжээ. 4-5 дахин ашигтай ажилласан байна. Харамсалтай нь, их эм орж ирсэн хэрээрээ эмчилгээнд хэрэглэгдээгүй юм байна. Нийтдээ 11 тэрбум төгрөгийн эмийг хугацаа дууссан шалтгаанаар устгалд орохоор болжээ. Эмийн үнэд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь энэ. 11 тэрбум төгрөг бол компаниуддаа алдагдал. Энэ алдагдлаа одоо зарагдаж байгаа эмийнхээ үнэд шингээж, алдагдлаа нөхнө. Тэгэхээр эцсийн хэрэглэгч дээр очих эмийн үнэ өсөх нэг шалтгаан нөхцлийн нэг нь энэ мөн үү?

Шинжээч:-Хугацаа дууссан 11 тэрбум төгрөгийн эм нь зөвхөн эм ханган нийлүүлэх 10 байгууллагын мэдээлэл. Эмийн сангуудад ямар байгаа тоо ороогүй байгаа. Эм ханган нийлүүлэх байгууллагуудтай энэ талаар уулзахад алдагдлаа “өөрсдөө хүлээсэн” гэх тайлбарыг өгсөн. Гэхдээ эдийн засгийн ойлголтоор боломжгүй. Татвар болон санхүүгийн үзүүлэлтээс ашгийг харахад энэ алдагдал буюу Ковидын худалдан авалтын эцсийн төлөгч нь иргэн болж дуусах байх.