ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өргөө амаржих газар гурван жилд ГУРВАН тэрбумын өр хуримтлуулжээ

O.Admin
2024-04-16

Эмийн сонсголын үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр шинжээч худалдан авах ажиллагааны гажуудал, эмийн үнийн өсөлтөд нөлөөлсөн шалтгааны чиглэлээр “Өргөө амаржих” газарт хийсэн хяналт шалгалтын дүгнэлтийг танилцууллаа. Эмийн үнэ өсөхөд худалдан авах ажиллагааны гажуудал нөлөөлсөн.

Өргөө амаржих газарт Эрүүл мэндийн сайдын тушаалаар  Ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар Эм, бараа материалын худалдан авалт, тендер шалгаруулалт, тэдгээрийн биелэлтийг үнэлсэн байна. Өргөө амаржих газрын хувьд тогтмол бус үнээр худалдан авалт хийдэг. Тариурыг  гэхэд долоон өөр үнээр буюу 2.3 дахин өсөлттэйгөөр худалдан авалт хийж, мэс заслыг викрил гэх утсыг есөн өөр үнээр худалдан авсан байна.  2022 онд тухайн эмнэлэгт 2.9 тэрбум төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт хийгдсэн байх бөгөөд үүний 172.9 буюу 200 орчим сая төгрөг нь Тендерийн дагуу явагдсан. Бусдыг нь буюу 75 багцын 44 багцад огт сонгон шалгаруулалтгүйгээр 1.3-3.3 дахин өндөр үнээр худалдан авалт хийсэн. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэж тогтоосон.

Нэг жишээ дурдахад, 368 төгрөгийн бээлийг 464.8 төгрөгөөр 250 мянган ширхэгийг худалдан авч, 24.2 сая төгрөгийн илүү зардал гаргасан. Иймэрхүү хууль зөрчсөн худалдан авах ажиллагааны хүрээнд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл алдагдаж, өр хуримтлагдсан.

2020 онд 160 сая төгрөгийн өртэй байсан бол 2021, 2022 онд өссөөр 2023 оны наймдугаар сард 3.028 тэрбум төгрөгийн өр үүссэн. Энэ асуудлаар ЭМЯ-ны ажлын хэсгээс  чиглэл боловсруулж Өргөө амаржих газарт хүргүүлсэн байна. Зөвхөн 2022 оны холбогдох баримт бичигт хяналт шалгалт хийсэн байдаг.

Сонгон шалгаруулалттай холбоотой тендерийг бичиг баримтыг архивын нэгж болгож үүсгээгүй, иж бүрдэл дутуу, хариуцсан албан хаагчид нь ажлаас гарсан, ажил хүлээлцэх актыг үйлдээгүй зэрэг шалтгааны улмаас бичиг баримтад хяналт хийхэд хүндрэл гарч байсан гэж ЭМЯ-ны хяналт шалгалтын ажлын хэсгийн тайланд дурдсан байна.

Энэ байгууллагын удирдлага нь Эрүүгийн хуулийн заалтаар хэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаар нийслэлийн Прокурорын газраас мэдэгдсэн байдаг юм билээ. Нэг эмнэлэгт явагдсан худалдан авах ажиллагааны гажуудлыг судлаад үзэхэд ганцхан байгууллагад гурван жилийн дотор гурван тэрбум төгрөгийн өр үссэн байна. Өр үүссэн үндсэн шалтгаан нь Тендерийг хүчингүй болгодог арга хэлбэр байдаг юм байна. Хоёр удаа тендерийг хүчингүй болгуулж, дараа нь шууд худалдан авалт руу шилжүүлдэг. Хараахан нотлох баримтыг олж чадаагүй ч, Эмнэлгийн удирдлага, эм ханган нийлүүлэх компани үгсэн хуйвалдах замаар багцаа өсгөдөг.

Байгууллагын удирдлага зохион байгуулалт сул, санхүүгийн сахилга бат гэх ойлголт байхгүйтэй адил хүчин зүйлсийн улмаас эх үүсвэр тодорхойгүй худалдан авалтыг зохион байгуулдаг. Гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн хэрэгжүүлдэггүй. Тендерийн худалдан авах ажиллагаагаа хууль тогтоомжийн дагуу төлөвлөж зохион байгуулдаггүй. Хууль эрхзүйн актыг бүрэн мөрдөөгүй байна. ЭМЯ-наас ирүүлсэн нотлох баримтын хүрээнд ийм дүгнэлт хийж байна.