ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ЖДҮХС-д хийсэн шалгалтын дүнгээ нууцалсан уу

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-16

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн твиттер хуудсаар дамжуулж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ажлаа авмагцаа ЖДҮХС-д хийсэн шалгалтын талаар жиргэжээ. Тэрбээр “Сангийн сайд, ОУВС-гийн үнэнч сурагч Ч.Хүрэлбаатар сайд болмогцоо ЖДҮХС-д шалгалт оруулж, 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр энэ тайланг гаргажээ. Бүтэн жил өнгөрөхөд энэ тайлангийн дагуу юу ч хийсэнгүй. Гэмт хэргийг нуун дарагдуулсан юм биш үү” хэмээн бичиж, тайлангийн зургийг хавсаргасан байна.

Тайланд ЖДҮХС-гийн талаар мэдээллүүд, үйл ажиллагааны болон зээлийн дансны үзүүлэлтийг ч тусгасан юм байна. Ийн шалгалт хийхдээ Сангийн сайд УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниудаараа дамжуулж, зээл авсан тохиолдлууд, бусад зөрчлийг мэдсэн байх магадлалтай юм. Гэвч өнөөдрийг хүртэл танилцуулахгүй байгаа нь тэрхүү мэдээллийг нуун дарагдуулснаас ялаагүй байна.