ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд дарга аа, баярлалаа. Одоо харин баяртай гэчих

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-12-05

Миний бие сүүлийн үед нэг л хүний тэвчээрийг ихэд бишрэх боллоо. Хэн бүхэн харааж зүхэж байсан ч юу ч болоогүй юм шиг, өнөө яруу найрагчийн хэлснээр “тэнгэр шиг бай”-даг нэг л хүн манай улс төрд бий. Мэдээж энэ бол М.Энхболд дарга та. Сүүлийн 30-аад жил даргаас өөр ажил хийж үзээгүй, дарга гэдэг үг нэрийнх нь дагавар шиг болсон ийм л хүн. “Хотын газрыг зарж дуусгасан газрын наймаачин”, “Хотын фракцыг толгойлдог МАН-ын луйварчин”, “Төрийн албыг 60 тэрбумаар зарж сонгуульд ялсан авлигачин”, “МАНАН бүлэглэлийг үүсгэсэн нууц ноёнтон”, “Ерөнхий сайд болохын оронд Ерөнхийлөгчийн суудалд шунаж байгаад намаа хуваасан гол буруутан”, “Төрөөс төрсөн тэрбумтан”, “Хятад цустан”, “Хүүхдүүдээ хун тайж болгодог ашиг сонирхолтон”, “Намын дарга нь болон гишүүд нь ажлаа өг гэхэд ажлаа өгдөггүй УИХ-ын даргатан” гэж элдэв бусаар хэлүүлэвч сонгуулиар асуусан асуулт шиг “аядуу зөөлөн” царай гаргаад, ганц үг ганхийхгүй суух нь үнэхээр тэвчээрийн туйл гэмээр. Бишрэхгүй байхын арга алга.

Гэхдээ одоо болно дарга аа. Дуугүй байдаг энэ их тэвчээрээс чинь болоод, гүрийдэг зан, гүжирмэг байдлаас чинь шалтгаалаад харлуулах гэсэн хүмүүс хаа сайгүй бий боллоо. Үнэн ч байсан, худалч байсан үнэндээ энэ гүргэр зан чинь, даргын суудлаа тавьж өгөхгүй гэх сонирхол, илүү ихийг хүсдэгийг чинь харахаар худал нь үнэн, үнэн нь бүүр ч илүү  гашуун үнэн болж үзэгдээд хүмүүсийн дургүй хүрээд байна. Тиймээс л хийсэн ажлыг чинь магтах гэхээсээ илүүтэй, зарсан газрыг чинь ярьдаг нь олон болж. Хэчнээн худал байсан ч худал үгийг мянга давтвал үнэн болдог гэдэг шиг түүхэнд таныг Улаанбаатар хотын өнөөгийн эмх зам­ба­раа­гүй байдлыг бий болгосон газ­рын най­маачин хэмээн сурах бичигт тэмдэглэхээр дайны хэлж ярьж байгаа. Түүгээр ч тогтохгүй удам судрыг чинь хүртэл ухаж “урагшаа” гэсэн сэтгэлтэй, биеэр нь харь цус гүйж байгаа, эрлийз, үр хүүхдүүд нь хурлийз хэмээн цоллож, доромжилж байна. Хэдийгээр та сонгуульд намаа үнэмлэхүй ялуулсан гавьяатай ч түүнийг чинь биш харин төрийн албыг хуваарилсан “60 тэрбум”-ын схемээр чинь дүгнэж, цэгнэж байх юм.

Намдаа байгуулсан хотын фракц, намаасаа гадуур АН-тай нийлсэн МАНАН-г байгуулсан хэмээн дүгнэж, чонотой нийлсэн гэрийн нохой аюултай хэмээн буруутгаж, буруушааж эхэлжээ. Т.Бадамжунай, Д.Хаянхярваа тэргүүтнийг тэжээсэн эзэн нь хэмээн хочилж, шоолж, баалж байна. Хүүгээ банкны дарга, охиныгоо иргэдийн хурлын төлөөлөгч болгосныг чинь сонсоод үе залгамжилсан хун тайжууд хэмээн атаархаж, адгаж байгаа. Бүр сүүлдээ, үздэг үзэл бодлыг чинь биш үзэмж биеийн чинь төрхийг чинь шоолж, хочилж, “Бүх амьтан тэгш эрхтэй. Гэхдээ гахай илүү тэгш эрхтэй” хэмээн үзэн ядаж, байна. Мөн “Төрөөс төрсөн тэрбумтан” гэдэг хэлц үг гаргачихаад өөрийг чинь зааж, үзүүлэн болгож байна. Ганц ч бизнесгүй хэр нь тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлгийг чинь тоолж, тооцооллоо. Муулуулан, муулуулан улс төрд байх шаардлага байдаг юм уу дарга аа.

Хар залуу наснаасаа эхлээд 30-аад жил энэ улс төрд явсан тань шиг хүн тэтгэвэртээ гарч, зодгоо тайлчихаж болдоггүй юм уу. Тийм их шунаж хүсээд, хорогдоод байх сайхан газар юм уу, наад суудал чинь. Хийсэн ажлаараа, хэлсэн үгээрээ, төрх байдлаараа, удам судраараа, үр ачаараа, доромжлуулаад суугаад байх тийм сайхан байдаг юм уу. Тань шиг хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй хүн бүү хэл, хэдэн тэрбумаар тоологдох өртэй хүн хүртэл амьдарч чадна хэмээн итгэлтэй байхад, та даргын суудлаа өглөө гэхэд тураад үхчихгүй нь лавтай. Ингэж муу хэлүүлэн суухын оронд үр ачаа өвөр дээрээ эрхлүүлээд, өөрийнхөө дурсамж дурьдатгалыг бичээд суувал дээргүй юу. Хүмүүс хүлээж авахгүй байхад нь хүчээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдож, сандал ширээтэй ноцолдож байснаас бусад шиг гадаад дотоодоор зугаалж, галуу шувууны мах идсэн шиг, покер тоглож явбал ямар вэ. Таны Монголын төрд хийсэн ажил болгонд чинь бид баярлалаа. Одоо харин баяртай гэчих ээ, дарга аа.