ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Өвөрхангай аймгийн төрийн байгууллагын дарга нар бүлэглэн танхайрчээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-05

Энэ сарын 4-ны өдрийн мягмар гаригт Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод зориулалтын зогсоолд машинаа байршуулан зогсож байсан жолоочийн машиныг мөргөж, улмаар бүлэглэн зодож хүнд гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Бүсийн оношилгооны төвийн дарга, Шуудан холбооны дарга, Нэгдүгээр арван жилийн сургуулийн захирал, аймгийн Байгаль орчны газрын дарга нар бүлэглэн тухайн иргэнийг зодсон байж болзошгүй гэв. Хэрэг гардаг өдөр хохирогч машинаа зогсоолд байршуулаад байхад нь аймгийн Төрийн албаны газрын дарга нар машиныг нь мөргөж гэмтэл учруулсан  аж. Харин тухайн иргэн машинаасаа гарч, “Та нар машин мөргөчихлөө яаж байгаа нь энэ вэ?” хэмээн шаардлага тавихад нь “Чамайг тэгвэл гүйцээгээд ална” гэх зэргээр хэл амаар доромжилж, бүлэглэн танхайрч, зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгджээ.