ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“60 тэрбум”-ын буруутнууд болох Ц.Сандуй, А.Ганбаатар нар хаачив

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-09

Төрийн албан тушаалыг “60 тэрбум”-аар арилжаалахаар яригдаж буй бичлэгийг анх иргэн Г.Доржзодов олон нийтэд ил болгосны дараа хэсэгтээ л нийгмийг доргиож байлаа. Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, түүний туслах А.Ганбаатар нар намын дарга М.Энхболдод төрийн бүх шатанд нам нь ялсан тохиолдолд албан тушаал бүрийг хэрхэн арилжаалах, тэндээс нийтдээ 60 тэрбум төгрөг босгох талаар танилцуулж буй бүрэн хэмжээний бичлэг, зураг сонгуулийн өмнө гарч ирсэн ч АН-ынхан улс төрийн зорилгоор эвлүүлсэн хэмээн гүрийсээр гурван оныг үдэв.

Гэвч М.Энхболд тэргүүтнүүд үнэнд гүйцэгдэж, өрсөлдөгч нам бус өөрийнх нь намын улстөрчид өдгөө “60 тэрбум”-ын хэрэг үнэн байсныг илчилж эхэлжээ. Эвлүүлэг гэж эцсээ хүртэл гүрийхээр шийдэж байсан М.Энхболд дарга хүртэл нэр холбогдсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Өөрийн намынх нь 40 улстөрч “60 тэрбум”-ыг эсэргүүцэж эхэлсэн учраас аргаа барахдаа нээлттэй хэлэлцүүлэг хийх саналыг өөрөө гаргалаа.

Гурван жилийн тэмцэл, иргэн Г.Доржзодовын “шүгэл үлээсэн”-ий үр ашиг ингэж гарч байна. УИХ-ын даргын албан тушаалд сууж, намын нэрээр Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшээд амжсан М.Энхболд дарга эцэст нь бууж өглөө. Төрийн албан тушаалыг та “60 тэрбум”-аар арилжаалахаар ярьж байсан биз дээ хэмээн ам асуусан залуу улстөрч Л.Оюун-Эрдэний өөдөөс үг дуугарч чадахгүй, төгс хариулт өгч чадахгүй “гөлөлзөж” суугааг нь түмэн олон өнгөрөгч долоо хоногт харав. Үүнээс илүү нотолгоо, баталгааны ч хэрэг алга.

Л.Оюун-Эрдэнэ гишүүн өнгөрөгч пүрэв гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өг хэмээн эсэргүүцэж чуулганы үүдэнд болон индэрийн өмнө эсэргүүцэл зарласан. Энэ үеэр тэрбээр УИХ-ын даргатай уулзахдаа “Та Монгол Улсын сүлд, төрийн далбааны дэргэд сууж байна. Та  Монгол Улсын төрийн албан тушаалыг 60 тэрбумаар зарах уулзалтад оролцоогүй гэдгээ хэлчих” хэмээн шуудхан асуусан. Өөрийг нь улс төрд хөтөлж оруулсан ахмад улстөрчийнхөө өөдөөс жудаггүй аашиллаа хэмээн түүнийг буруутгах хүн олон байгаа ч шударга ёсны төлөө ингэж тэмцэж байгаа бол буруутгах шалтгаан байхгүй билээ.

Хамгийн хоржоонтой нь М.Энхболд дарга энэ асуултад бүдэрсэн. Улстөрчийн биеийн хэл нь үүнийг хэлээд өгчихсөн. Хэдийгээр би төрийн албан тушаалыг зараагүй хэмээж байгаа ч тийм уулзалтад оролцоогүй гэж хэлэх зориг зүрх энэ хүнээс гараагүй билээ. Гэх мэтээр энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн ганц бичдэг сэдэв нь  М.Энхболд дарга болов. С.Чинзориг гишүүний хэлсэнчлэн тэр хувь хүнийхээ хувьд олон ч дайралтыг давж гарч байх аж. “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ” гэдэгчлэн өөрөө ийм зүйлд холбогдоогүй бол хэн ч оролдохгүй байлаа. Намынх нь 40 гишүүн ч мөрөөрөө ажлаа хийж байгаа, шударга үнэнээр төрд зүтгэж яваа улстөрчийг суудлаас нь буулгах гэж ингэтлээ тэмцэлдэхгүй байлаа.

Нөгөөтээгүүр, М.Энхболд ганцаараа энэ бүхний буруутан биш. Эхлүүлсэн, санаа сэдэл гаргасан хүн ч бас биш. Төрийн албаа наймаа болгож, тэндээс ашиг олох саналыг  Ц.Сандуй, А.Ганбаатар нар гаргаж, түүнийгээ намын дарга М.Энхболдод танилцуулж байсныг бид сонссон. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх цэвэрлэгээ хийх гэж байгаа бол намдаа шударга ёс тогтоохыг үнэхээр л хүсч байгаа бол Ц.Сандуйг, бас А.Ганбаатарыг ч олж, олны өмнө “шүүж”, хариуцлага ярих ёстой.

Наймааг эхлүүлсэн, санал боловсруулсан, түүнийгээ танилцуулсан хоёр хүн нь усанд хаясан чулуу шиг алга болчихоод байхад түүнийг нь сонссон нэг хүнийг нийгмээрээ зүхэж занаад, ганцхан буруутан мэтээр цоллоод байх нь зохимжгүй байгаа юм. Тухайн үед намын аппаратад ажиллаж байсан бүх хүмүүс төрийн албыг зарж баяжих гэсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлагаас мултрах учиргүй.

Хууль хяналтын байгууллага ч тэднийг олж шалгамаар байна. Харамсалтай нь шалгадаг хянадаг бүх газар нь М.Энхболдын гарт, тэр хүний томилсон хүмүүс байгаа цагт энэ хэргийн үнэн мөн, зөв буруу олдохгүй нь тодорхой боллоо. Тиймдээ ч УИХ-ын даргаас нь буулгаж байгаад, уг гарлаас нь эхлээд шалгах гэсэн намынх нь улстөрчдийн тэмцлийг зөвтгөмөөр байгаа юм. Ц.Сандуйгийн тухайд НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг өгчихөөр л хариуцлага хүлээчихлээ гэж ойлгож болохгүй.

А.Ганбаатар ч гэсэн сайн ах, дарга нарынхаа далбаан дор хариуцлагаас мултарна гэж бодож байгаа бол эндүүрэл. М.Энхболд даргыг суудлаас нь буулгахыг тэгж л их хүсэж байгаа бол эдгээр хүмүүсийг ч олж гаргаж ирмээр байх юм. Нээлттэй сонсголын эхний эгнээнд суулгаж байгаад байцаах ёстой. УИХ шүүх биш ч гэсэн ард түмний төлөөлөл учраас тэд сонгогчиддоо үнэнийг сонсгох ёстой.

Энэ ажлыг хийх ёстой хууль, шүүхийн байгууллага “60 тэрбум”-ын гэх хэргийг бүтэн хоёр жил гаруйн хугацаанд шалгасан. Даанч үр дүн гараагүй. Нэг эсвэл эвлүүлэг гэж хаадаг, эс бөгөөс эргэж сэргээчихээд шалгасан нэрээр гацаадаг байдал дахиад хэдэн жил үргэлжлэхийг таашгүй. Тиймээс л аалзны торыг устгахыг хүсэж байгаа бол эхлээд том аалзаа “устгах” тэмцэлд ард нийтээрээ хүч нэмэхээс өөр яалтай. Тэд бол гэмгүй, хэлмэгдэгсэд биш. Тэд бол гэмт хэрэгтнүүд. Хэрэгжүүлээгүй байлаа ч хийхийг завдсан сэжигтнүүд гэдгийг алхам тутамдаа санацгаая.