ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Эрүү шүүлт даагаагүй Д.Энхбат

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-31

Ардчиллын “Алтан хараацай”, төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс 20, 25 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дэглэж, дарамталж, хэрэг хүлээлгэхээр улайрч байгаа бичлэгийг УИХ-ын гишүүд болон парламентын сэтгүүлчид үзсэн. Бүгд л хүний эрхийн ноцтой зөрчил, хилсээр хэрэг хүлээлгэхийн тулд яаж яргалсныг харлаа, үзлээ.  Зарим нь эрүүдэн шүүлт биш зүгээр л шоронгийн дэглэлт байна гэдэг өнцгөөс харж байх шиг байна. Яахав, хүн хүний л үзэл бодол, итгэл үнэмшил.  Эрүүдэн шүүнэ гэхээр цахилгаан сандалд суулгаж, тогонд цохилуж, цус нөжтэй нь хутгалдтал зодож, нүдэж, мэсээр зүснэ гэж ойлгосон ч байж болох.  Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр “Нөхрийг маань хэрэг хийгээгүй гэж хэлэхээр тогоор цохиулж, тэгсэн, ингэсэн гэж хэлэхийг тулгадаг. Би тийм юм хийгээгүй гэхээр хүчдэлийг нэмдэг байсан гэсэн” хэмээн ярьсан байсан. Мөн хэвлэлийнхэн үзүүлсэн бичлэг ердөө л зургаан хоногийнх. Цаашид маш их зүйл өрнөсөн. Цус нөжтэй нь хутгаж, тогоор цохиулсан бичлэг ч магад бий байх. С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэж, тамлуулж, яргалуулж, бүр амиа алдсан хүн ч бий. Олон ч хүнийг цагдан хорьж, байцаасан.

Тэр бүх хүнээс Монголын төр, хууль хяналтынхан уучлал гуйгаагүй л байна. Хэрвээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүн С.Зоригийг хөнөөсөн юм бол бусад сэжигтнүүд юу болж таарах билээ. Тэр дундаа генерал Б.Хурцын хил дамнуулан хулгайлаж авчраад, эрүүдэн шүүсэн Д.Энхбат гэдэг хүнийг монголчууд, Монголын төр мартах учиргүй.  Түүнийг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн барьж авчраад, эцэст нь улсын нууц задруулсан ялтан болгосон талаар түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн гэдэг хүн ярьсан байдаг. Тэгвэл Д.Энхбат агсанд хэрхэн хүнлэг бус хандаж, яргалж, тамалж, эрүүдэн шүүж байсан талаар хэвлэлүүд юу гэж мэдээлж байсныг эргэн сануулъя. 

Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 онд Берлиний талд өргөдөл гаргаж байсан 

ТЕГ-ын дарга асан Б.Хурц тухайн үед тагнуулд ажиллаж байхдаа Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлж авчирсан байдаг. Тэгвэл Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны есдүгээр сарын 11-ний өдөр Берлиний талд өргөдөл гаргасан байдаг юм. Өргөдлөөс тоймлон хүргэе.  Өргөдөлд “Батын Хурц нь  үүрэг гүйцэтгэж байх үедээ  аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм.  Ямар нэгэн  хордуулах зүйлээр тарилга хийж  ухаангүй муужруулан, Герман улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байсан элчин сайдын яамны албатуудын тусламжтайгаар  хуурамч нэртэй дипломат паспорт үйлдэн  “Манай ажилтны бие нь муу байгаа”  гэж худал мэдүүлэн Берлин дахь Тегел нисэх буудлын  хилээр нэвтрэн гарсан үйлдлээ  баатарлаг, мэргэжлийн ур чадвартайгаар даалгавраа биелүүлсэн мэтээр Монгол Улсын хэвлэлд бичигдэж байсан. Б.Хурц нь  хүний ухаан санааг мансууруулдаг хорт бодис тээж олон улсын хилээр дамжин өнгөрсөн, хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчин хүн хулгайлсан, хүний биед халдаж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан, гэмт үйлдэлдээ дипломат номертой машин ашигласан, Герман улсын хилийн нэвтрэх боомтоор гарахдаа хууран мэхэлж басан доромжилсон үйлдэл хийсэн.  Тавдугаар сарын 18-26-ныг хүртэл хэн ч үл мэдэх газар эцгийг минь байцааж, эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг түүнд үүрүүлэхийн тулд тамлан яргалж байсан зэрэг ноцтой хэргүүдийг  удирдан зохион байгуулж биечлэн оролцсон гол толгойлогч эзэн юм. Хамгийн аймшигтай үйлдэл нь бидний аавыг нутагт нь аваачсаны дараа  хууль хяналтын ямар ч байгууллагад хүлээлгэж өгөлгүй 10-аад хоног (ТТГ-ын хонгил дор  гэж таамагладаг) эрүүдэх ажиллагаа явуулж, эзгүй хээр аваачин “чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй, одоо бид чамайг буудан алаад газарт булна” гэж сүрдүүлсэн явдал болно.  Энэ тухай хэвлэлд мэдэгдээгүй бол бидний эцгийг үнэхээр алах төлөвлөгөөтэй байсанд эргэлзэх юм алга.  Бид аавыгаа Монголд хүргэгдэн очсон тухай баривчлахад зуучилж өгсөн хүнээс нь мэдсэн болохоор бүх л байж болох газраас хайгаад олоогүй. Эцэст нь авга эгч маань Франц улсаас  факсаар дамжуулан “Сэрүүлэг” сонинд хүн хулгайлсан тухай мэдээ нийтлүүлсний дараа  тэд сандарч Авдрантын онцгой дэглэмтэй шоронд  яаралтай  илгээж, хүн хулгайлсан үйлдлээ  бие бие рүүгээ түлхэн эзэд нь  олдохгүй,  хэн ч авчраагүй гэж мэлзэж байсан.  Тэр шоронд аавын маань багын найз Ч.Энхтайван уулзсан нь хамгийн анхны гэрч нь юм. Тэрбээр аавыг минь тамлан тарчлааж, зодсон байсан ба бүх биеийн хэсэг нь бяцарч  ялангуяа гэдэс хэвлий орчим нь нэлэнхүйдээ хөх няц болсон (гар бууны бөгсөөр байнга балбаж байсан гэнэ лээ) байсныг ээжид мэдэгдсэн  байсан. Тэд хонгилд аавыг минь олон хоног тамлах ажиллагаагаа  явуулж байх үедээ  хээр аваачин буу тулган айлган сүрдүүлэхдээ хуурамч мэдүүлэг өгөхийг шаардаж, эцэстээ хамтран ажиллах санал тавьсан байсан. Ингээд тэдний саналыг хүлээн авч хүн гүтгээгүй учраас  хожмоо түүнийг өмгөөлөгч Санжаасүрэнгийн хамт Монгол Улсын нууц задруулсан гэдэг зүйл ангиар  яллаад  л шоронд хорьсон. Эцэст нь удаан үйлчлэх хорт тариа  хэрэглэж шоронд үхээгүй, өвчнөөр үхсэн болгож харагдуулахыг хичээсэн” хэмээн бичиж байжээ. 

Эх сурвалж: www.factnews.mn 

Л.Санжаасүрэн:  Д.Энхбатыг хулгайлахад дипломатынхан оролцсон

-НҮБ болон Монголын хуульд хүнийг эрүүдэн шүүж байцаахыг хориглосон байгаа. Д.Энхбатыг бууны бөгсөөр цохиж унагасан, хурц гэрлээр шарсан, зодсон, нүдсэн бүхэн хууль бус ажиллагаанд орно. Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Францаас баривчилсан. Тавдугаар сарын 18-ны өдөр Берлинээс наашаа авчирсан. Гэтэл Д.Энхбат тавдугаар сарын 18-наас 25-ныг хүртэл хаана байсан гэдэг нь мэдэгддэггүй. ЭЦГ-ын даргын гаргасан бичигт Д.Энхбатыг Францаас интерполын шугамаар 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголд авчирсан гэдэг. МИАТ болохоор тавдугаар сарын 18-нд онгоцоор ирсэн гэдэг. Хилийн цэргийн гаргасан бичгээр бол тавдугаар сарын 18-ны өдрийн бүртгэлд Дамирангийн Энхбат гэсэн нэр байхгүй гэдэг юм. Гэтэл Тагнуулын ерөнхий газар Д.Энхбатыг зодож нүдэж,  гарын үсэг албадлагаар зуруулсан гэх ажиллагаагаа 2003 оны тавдугаар сарын 24-ний өдөр болсон гэх. Тэгэхээр энэ бүх цаг хугацаа зөрчилдөж байгаа биз. Энэ хугацаанд Д.Энхбат хаана байсан юм бэ. Хэрвээ Монголын хууль хяналтын байгууллагын гадуур нууцаар байсан бол бас л хууль зөрчсөн ажиллагаа. 

Эх сурвалж: Өдрийн сонин 

“ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон”

“Монцамэ” агентлагийн сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ 2011 оны хоёрдугаар сард  НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Манфрэд Новакийн илтгэлийг иш татаж, бичиж байжээ. Тэрбээр “Миний өмнө НҮБ-ын Хүний Эрхийн Дээд Комиссарын Газрын эрүү шүүлтийн асуудлаарх тусгай илтгэгч Манфрэд Новакийн 2005 онд Монголд томилогдон ажилласан тухайгаа олон нийтэд тайлагнасан илтгэл байна. Илтгэлд Дамирангийн Энхбатыг манайхан хэрхсэн тухай дэлгэрэнгүй мэдээлэл оржээ. НҮБ-ын мэдээллийг тэгэхээр албан ёсны гэж хэлж болно хэмээн үзэж байгаа юм.  Энэхүү тайлан илтгэл нь зөвхөн Д.Энхбатын тухайд биш бөгөөд ерөөс Монголд эрүүдэн шүүх, тарчилган зовоох асуудал ямар байдалтай байгааг дүгнэсэн шинжтэй бөгөөд Д.Энхбатын хэрэг ганцхан жишээ нь болж байгаа юм. Новак НҮБ-д ийн илтгэжээ.  Дамирангийн Энхбат 44 настай 2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Дамирангийн Энхбатыг Парисийн нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан улмаар Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар руу авч одсон байна. Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ  25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ. Ингээд 2004 оны арваннэгдүгээр сард уг хэргээр 18 сар хорих ял хүлээж,  Амгалан дахь 0421 дүгээр жирийн дэглэмтэй хориход ялаа эдэлсэн байна. Тусгай Илтгэгч 2005 оны зургадугаар сарын 7-нд зүрхний хүнд өвчтэйгээр эмчлүүлж байхад нь түүнтэй очиж уулзсан болно. Түүний мэдүүлж байгаагаар эмнэлгийн тусламж аваагүйгээс гадна тодорхой эм тариаг авч байгаагүй гэнэ” хэмээн бичжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг