ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүдийн ХОМ-ийн “хамгийн хамгийн”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-07

АТГ-аас өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа мэдээлж, олон нийтэд ил болголоо. Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 282 албан тушаалтан өнгөрөгч оны ХОМ-ээ мэдүүлжээ. Жил бүрийн ХОМ-ээс төрийн өндөр албан тушаалтнуудын хэн нь хэр хөрөнгөтэй болсон бэ гэдэг хамгийн их анхаарал татдаг. Энэ удаад өнгөрсөн жилийн байдлаар хамгийн их хөрөнгөтэй, хамгийн олон компанид хувь эзэмшдэг, хамгийн олон машинтай гэх зэрэг “хамгийн хамгийн” гишүүдийг нэрлэжээ. Энд хамгийн өндөр орлоготой гишүүдээр Б.Дэлгэрсайхан, Л.Болд, Ж.Мөнхбат тодорсон бол хамгийн их хадгаламжтай гишүүдээр Ж.Ганбаатар, Б.Наранхүү, Ц.Мөнх-Оргил нар бусдыгаа тэргүүлсэн байна. Харин хамгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй гишүүнээр Д.Оюунхорол тэргүүлж, М.Билэгт удаалжээ. Тэгвэл 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй машин унадаг үзүүлэлтээрээ Б.Наранхүү гишүүн тодорсон бол хамгийн хямд машин унадаг гишүүнээр Д.Тогтохсүрэн гишүүн тодорсон байна. Тэрбээр  УИХ-ын гишүүд дунд хамгийн хямдхан машин буюу 10 сая төгрөгийн үнэтэй Toyota Crown-1 маркийн авто машин унадаг байна.