ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ж.Бат-Эрдэнэ гишүүний гэр бүлийн орлого 814 саяар буурчээ  

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

АТГ-аас УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын 2018 оны Хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаад байгаа билээ.  Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн орлого эрс буурчээ. Тэрбээр 2017 онд жилдээ 65 саяын орлоготой гэж мэдүүлж байсан бол 2018 онд 16 сая болж, 49 саяар буурчээ.

Гэр бүлийнх нь орлого ч гэсэн буурсан байна. 2017 онд Ж.Бат-Эрдэнэ гишүүний гэр бүлийн гишүүдийн орлого 923.8 сая төгрөг байж. Гэтэл 2018 онд 109.6 сая төгрөгийн орлого олж, 814.2 саяар буурсан байна.

Түүнээс гадна 2017 онд 5 нийтийн орон сууцтай байсан бол 2018 онд 3 болж цөөрсөн аж. Оронд нь зуслангийн нэг байшинтай болжээ. 2017 онд эрхэм гишүүн Lexus,GX460 маркийн нэг автомашинтай байсан бол 2018 онд Toyota,Land Cruiser 200 машин нэмж авсан байна.

Түүнээс гадна, хурдан удмын адуу 39, адуу 69, үхэр 64, хонь 149 толгой байгаа хэмээн ХОМ-тээ мэдүүлж. Түүний хурдан удмын адууны тоо 2017 оныхоос гурваар цөөрсөн байна. Малынх нь нийт үнэлгээ 188.4 сая төгрөг ажээ. 209 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, хадгаламждаа 157.7 сая төгрөгтэй, 35 сая төгрөгийн авлагатай аж.