ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ш.Раднаасэд: Хүний эрхийг ноцтой зөрчдөг учраас хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-05-13

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хуульд оруулсан хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн асуудлаар мэдээлэл өглөө. 

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон Эрүүгийн хуульд “хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэх хүртэл тоолно” гэсэн өөрчлөлтийг таныг оруулсан гэж дүгнэж байна. Авлигачдыг өршөөх зорилготой хуулийн зүйл заалт өөрчилсөн буруутан гэх асуудалд тайлбар өгөөч? 

-Хуучин хуулийн төсөлд “Гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татсан өдөр хүртэл тоолно. Яллагдагчаар татсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно” гэсэн байгаа. Өөрчлөгдсөн байдал нь “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн. Нэг нь яллагдагчаар татна, нөгөөх нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл гэсэн хоёр ангилал байгаа. Тухайн үед Прокурорын байгууллагаас хүнийг удаан хугацаагаар яллагдагчаар татаад хорьж, мөрддөг бүх насаар нь шахуу яллагдагчаар татдаг асуудлыг ярьсан.

Хөөн хэлэлцэх хугацаанд бариулж, мөрдөх ажиллагааг явуулахгүй бол хорьж мөрдөх хугацаа нь 24 сар нэртэй ч Ерөнхий прокурорын зөвшөөрлөөр хугацаагүй сунгадаг гэх асуудлыг ярьсан юм. 2002 болон 1986 оны Эрүүгийн хууль энд байна. Эдгээр хуулиудад бидний өөрчилсөн буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тооцно гэж тусгасан байсан юм. 2008 онд үүнийг өөрчилсөн юм билээ. Үүнээс болж 10 мянга гаруй хэрэг түдгэлзсэн. Улмаар хэргийн оролцогчдын хэн нэгэн нь алга болох, оргон зайлах, гадна дотно байгууллагаас тайлбар мэдээлэл ирээгүйгээс болоод насаараа яллагдагчаар мөрдөн шалгуулах нөхцөл байдалд орсон. Хамгийн багадаа 10 мянган гаруй хүн байна гэсэн үг. Хүний эрх талаас нь дээрдүүлэх зорилгоор санал гарч, өөрчлөгдсөн зүйл.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулж энэ хуулийн заалтыг өөрчилсөн гэх шүүмжлэл байна? 

-2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны протоколд миний асуусан асуулт байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг зогсоогоогүй тохиолдолд тухайн хэргийн мөрдөх хугацаа үргэлжлээд тоологдоод явдаг. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй байна гэдэг нь тухайн иргэний сонгох, сонгогдох эрх зөрчигдөх, насаараа гэмт хэрэгтэн болох, гадагшаа явж чадахгүйд хүрдэг сөрөг үр дагавартай. С.Зоригийн хэрэгт холбогдуулж тайлбарлаад байгаа юм билээ. 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудад бүх насаар нь болон цаазаар авах гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй гэсэн заалт байсан. Одоо ч бий.

Одоогийн Эрүүгийн хуулийн 1.10. 4 дэх хэсэгт “Энэ хуульд бүх насаар нь хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг, хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй” гэсэн заалт бий. Тэгэхээр хүн амины онц ноцтой гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй. Үүнийг хуулиар өөрчилж, засаагүй. Олон юмыг мэдэх, мэдэхгүй хүмүүс хольж тайлбарлаад байна лээ. Дэд сайд асан Б.Энхбаярыг хууль зүйн ямар мэдлэгтэйг нь мэдэхгүй, ойлгохгүй байгаа. Хоёр өөр асуудлыг хаа хамаагүй С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож мушгин тайлбарлаж байгаа нь буруу юм. Дэлхийн жишиг буюу эх газрын системтэй орнуудад мөрддөг хуулийн зохицуулалтын нэг нь юм. Герман ч тэгж яваа. 

-МХЕГ-ын авлига авсан албан тушаалтнуудын хэрэгт нөлөөлж чөлөөллөө гэх асуудал яригдаж байна. Таны ойр дотны хүмүүс байсан учраас хуульд нөлөөлсөн юм биш үү? 

-Ийм асуудал явж байна. Нэг нь буюу МХЕГ-ын байцаагч асан Н.Баярсайхан надтай нэг төгсөлтийнх нь үнэн. Дэд сайд асан Б.Энхбаяр, одоогийн дэд сайд Г.Элбэгсайхан ч манай төгсөлтийнх. Надтай нэг төгсөлтийнх 130 гаруй хүнийг хэрэг төвөгт холбогдохоор нь Ш.Раднаасэд ард нь байна гэж ярих нь байж боломгүй зүйл юм. Э.Аззаяа гэж хүн намайг МХЕГ-т ороход ажиллаж байсан. МХЕГ-т ажиллаж байсан 2000 гаруй байцаагчийн үйлдсэн хэрэг болгоны ард Ш.Раднаасэд байна гэж ярих шиг том гүтгэлэг байж болохгүй ээ. Сүүлийн үед Ш.Раднаасэдийг харлуулах, борлуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Үүнийг манай намаас болон бусад намаас ч хийж байгаа. Мэргэжлийн болоод буруу зөрүү зүйлийг хольж хутгаад мушгиад байвал миний нэр төр гэж нэг зүйл байдаг юм шүү.

Ажлын хэсэг дээр гарсан алдаа дутагдал болоод хуульд зайлшгүй хийх ёстой өөрчлөлтийг байнгын хорооны ажлын хэсэг хянаад сууж байгаа. Энэ хүмүүс ийм алдаа дутагдал гарчээ гэдэг. Түүнийг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд гэдэг нэрээрээ өөрчлүүлж, санал оруулдаг. Үеийн үед ингэж явж ирлээ. Миний нэр дээр 300 гаруй зарчмын зөрүүтэй санал гарсан. Тэр бүгд нийтийн эрх ашиг, хуулийн тогтоомжийн зөв зүйтэй байдал, хуулийн хийдэл, алдаа мадгийг засахын төлөө явж байгаа. Хоёр хоног ажиглалаа. Ш.Раднаасэд хүмүүсийг хэргээс мултлах гэж ийм өөрчлөлт хийжээ гэдэг ойлголтыг нийгэмд өгөөд байна. Байнгын хорооны протоколыг уншихаар ямар зорилготой асууж, Улсын дээд шүүх ямар тайлбар өгсөн нь тодорхой харагдах байх аа. 

-Хуулийг өөрчлөх боломжгүй юм уу. Гэмт хэрэгтнүүд ял завшиж байгаа нь нотлогдчихлоо шүү дээ? 

-Ямар нэг байдлаар засах ёстой гэж үзвэл өөрчлөх эрх мэдэл нь УИХ-д байгаа. Хуулийн зүйл заалтыг эргээд өөрчилчихвөл нөгөө л хүний эрх зөрчигдөнө шүү дээ. Нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулсан бол нэг жил өнгөрсөн, найман жил хүртэлх хорих ял оногдуулсан бол таван жил өнгөрсөн, ялын дээд хэмжээ ногдуулах хэрэгт 12 жил өнгөрсөн, 10 жилээс дээш хорих ял оногдуулахад 20 жил өнгөрсөн гэх мэтээр хүнд, хөнгөн, онц хүнд гэмт хэргээр ангилаад хөөн хэлэлцэх хугацаа тооцох чинь огт өөр. Шүүхээр ямар нэг хэрэг яаж шийдсэнтэй огт холбоогүй. Тухайн хэргийг үйлдсэн этгээдийн хэрэг мөн, биш байх уу гэдгийг энэ хугацаагаар тоолж явдаг. Мөн хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй хэргийг 1.10-д тодорхой биччихсэн. Мэргэжлийн үүднээс өмгөөлөгч нараас яриа хөөрөө явах ёстой юм. Сэтгүүлчийн байр сууринаас тайлбарлахаар буруу болоод байгаа. 

-Онц их хэмжээний хохирол учруулсан хэргийн хөөн хэлэлцэх хугацааг яаж тоолдог юм бэ. Түүнийг тайлбарлаад өгчихгүй юу. Таны оруулсан заалт чинь л болохгүй байгааг харуулчихлаа шүү дээ? 

-Яагаад тэгж зүйлчилсэн бэ гэдгийг прокуророос асуу. Би мэдэхгүй. 

-Та энэ өөрчлөлтийг оруулсан хүн нь биз дээ? 

-Би маш тодорхой хэлсэн. Шүүх, прокурорынхон зарим зүйлийг орхигдуулсан гэж хэлээд гишүүний хувиар санал оруулсныг дэмжсэн. Тэрнээс нөлөөлсөн зүйл байхгүй ээ. Тухайлбал, хулгайн гэмт хэрэгт найман жилийн хорих ял оногдуулахаар байлаа гэж бодъё. Тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг таван жил өнгөрсөн бол гэж тооцдог. Энэ дунд хөөн хэлэлцэх хугацаа зогсож болно. Шүүх дээр нотолсноос хойш л хугацааг тоолох юм. Хэрэг үйлдсэнээс хойш таван жил гэж бодож болохгүй. 

-Албан тушаалын гэмт хэрэгт ямар зүйл заалтаар яаж явах ёстой юм бэ? 

-Гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар ял шийтгэнэ гэж заасан. Байнга, тогтвортой гээд хүндрүүлдэг. Тэгэхээр миний өмнө хэлсэнчлэн 12 жилээс дээш ял оногдуулсан бол хэрэг хөөн хэлэлцэх хугацааг 12 жил өнгөрсөн бол гэж тооцно. Шүүхэд шилжсэнээс хойш шүү. Мэргэжлийн хяналтын байцаагч нарын хэргийг ямар зүйл заалтаар оруулаад жилийн хугацаанд өөрчилсөн бэ гэдгийг мэдэхгүй байна. Хохирлын хэмжээг ялын хэмжээтэй уялдуулж, өөрчлөх зохицуулалтыг хийж бололгүй яахав. Тийм боломж байгаа.