ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Х.Тэмүүжин: Олон таамгийг шалгахад хөндлөнгийн хяналт тавьж өгөөч гэж хүссэн

O.Admin
2019-05-27

Өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дэд дарга асан Г.Батхүү агсны хэрэгт хяналт тавих үүрэг бүхий АН-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин, талийгаачийн төрсөн дүү П.Батсайхан нарын хүмүүс ОУПХ-ны төлөөлөгчидтэй уулзаж, Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт анхаарлаа хандуулахыг хүссэн албан бичгийг өглөө.

АН-ын дэд дарга асан Г.Батхүү нь Төрийн ордонд болсон Олон улсын авторалли уралдааныг зохион байгуулах хуралдаанд оролцсоны дараа учир битүүлгээр хоёр давхрын гонхноос унасан байдалтай амиа алдсан юм. Шүүх шинжилгээний хариуц эцэслэн гараагүй ч АН-ын зүгээс хуулийнхан өнөөдрийг хүртэл мэдээлэл өгөхгүй байгаа нь сэжигтэй гэж үзэж байгаа учраас ОУПХ-ноос тусламж хүсчээ.

 Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Х.Тэмүүжин ярихдаа “Муу муухай гэмт хэрэг харанхуй газар бүгж алга болохдоо амархан байдаг. Тийм учраас хөндлөнгийн хяналт тавьж өгөөч гэдэг хүсэлтийг тавилаа. Үйл явцыг ил тод болгох болов уу гэж итгэж байна. Гурван зүйл бүрхэг байна. Төрийн ордонд энэ үйл явдал болсон. Тусгай хамгаалалттай газар учраас камерын бичлэг байхгүй. Цагдаагийн байгууллага дотогшоо орж шалгахдаа хүртэл маш олон тээгтэй учирч байна. Яг одоо 65 суудалтай олонхи болчихсон МАН-ын нэр бүхий гишүүд тэр өдөр Төрийн ордонд архидан согтуурч байсан. Цагдаагийн шалгалт хийх явцын дараа нэр бүхий гишүүн өрөөгөө учир битүүлгээр цэвэрлэсэн гэх хэл ам гарч байна.

Хуулиар хүртэл шүд амаа бүрэн зэвсэглэсэн эрх баригч намын гишүүд гэмт хэрэгт холбогдох нөхцөл байдал байгаа учраас мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад хийх вий гэсэн болгоомжлол байна. Та бүхэн шүүх шинжилгээний урьдчилсан дүгнэлт сонссон байх. Ямар нэгэн зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй. Өндрөөс унасан байдалтай буюу гэмтлийн улмаас нас барсан. Маргаан мэтгэлцээн болсон байж магадгүй гэх таамаг байгаа учраас энэ таамаг бүрийг шалгах ёстой гэж үзээд хөндлөнгийн хяналт тавьж өгөөч гэж ОУПХ-нд хандлаа” гэв.

ОУПХ-ны зүгээс “Хүний эрхийн асуудал бол парламентын холбооны чухал асуудал. Тэр дундаа парламентч байсан хүн парламентын ордон дотроо нас барсан асуудалд бид анхаарал тавина” гэсэн хариу өгсөн байна.

Харин ар гэрийнхний тухайд өвчин зовлонгийн улмаас энэ учрал болоогүй, бидний хувьд олон зүйлд хардалт дагуулж байгаа учраас үнэн мөнийг нь олох талаас дэмжлэг үзүүлээрэй гэж хүсчээ.