ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-27

УИХ-ын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэн, өөрчлөх нь зүйтэй хэмээж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр болсон билээ. Ингэснээр төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэлх хугацаа буюу энэ сарын 26-ны өдрийг хүртэл УИХ-ын гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийнхоо сонгогчдод танилцуулж, санал бодлыг нь сонсох чухал үүрэгтэй ажиллаж байгаа юм. Үүний дагуу өчигдөр  УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар тойргийнхоо иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо. Сонгинохайрхан дүүргийн 73 дугаар тойргийн иргэдэд хуулийн төслийг танилцуулах үеэр Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар урилгаар ирж, хуулийн төслийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр

1. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой 
2. Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой 
3. Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой 
4. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой гэсэн дөрвөн багц асуудлаар өөрчлөлт оруулж байгааг тайлбарлав. 

...Энэхүү дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсан гэдгийг хэллээ.  Нэмэлт өөрчлөлтөөр эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг хангаж, УИХ-ын хэт их эрх мэдлийг хязгаарлах зорилгоор Ерөнхий сайд нь танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлдөг байхаар өөрчилж байгаа юм. Мөн үе үеийн парламентад шүүмжлэл дагуулсаар ирсэн давхар дээлийн асуудлыг халж хамгийн ихдээ дөрвөн гишүүн “давхар дээлтэй” буюу Засгийн газрын гишүүн байна гэж хуульчилж байгааг дуулгалаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр шүүх засаглалын салбарт хяналтыг сайжруулах зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг оруулж байгаа. Тухайлбал, шүүгчийн насны босгыг нэмж, 25 байсныг 30 болгон, дээд шүүхийн шүүгч 21 байхаар тогтоожээ. Ингэснээр өөрөө амьдрал зохиож үзээгүй 25 настай залуу Дээд шүүхийн шүүгчээр томилогдох боломжтой байсан нь үгүй болж, туршлагатай хүн шүүгчээр томилогдох нөхцөл бүрдэж байгааг иргэд сайшаалаа.  

 

“Иргэдийн саналыг долдугаар сарын эхээр нэгтгэнэ”

Энэ үеэр УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар  хэлэхдээ “Үндсэн хуульд 27 жилийн дараа нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж эхлээд байна. МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд орохдоо иргэдийн хүсэлтийн дагуу Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдгийг тусгасан. Үүний дагуу Үндсэн хуулийн ажлын хэсэг гурван жил гаруй ажиллаж, нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсрууллаа. Улс төрийн тогтолцооны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болсон нь харагдаж байгаа. Тав дахь Үндсэн хуулийн асуудал ч яригдаж байсан юм. Гэхдээ Д.Лүндээжанцан даргын хэлдгээр маш нухацтай болгоомжтой хандах ёстой. Үндсэн хууль гэдэг тухайн улс орны тусгаар тогтнол, хөгжлийн чиг баримжааны тулгуур учраас хамаагүй оролцож болохгүй гэдэг үүднээс Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. Үндсэн хуульд оруулж байгаа өөрчлөлтөөр улс төрийн тогтолцооны гацааг арилгах үе шаттай дэвшил авчирна гэж харж байгаа. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг иргэдэд танилцуулж, хэлэлцүүлэх ажлаа эхэлж байна. Иргэдэд нэмэлт өөрчлөлтийн талаарх материалуудыг тарааж өглөө. Өөр өөрсдийн санал, байр сууриа илэрхийлж байна. Иргэдийн саналыг нэгбүрчлэн авч, долдугаар сарын эхээр улсын хэмжээнд нийт иргэдийн саналыг нэгтгэх юм” хэмээн мэдээлэв. 

...Ийнхүү иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж тэдний саналыг сонсоход ийнхүү ярилаа. 

 

Д.Дорж: Ийм ёс зүйтэй гишүүд ард түмнээ бодсон өөрчлөлт хийхгүй

/Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн/

Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон гэж бодож байгаа. Гэхдээ энэ өөрчлөлтийг одоогийн парламент хийх чадамжгүй. Одоогийн парламентад Үндсэн хуульд дураараа хүрэх эрх байхгүй. Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжиж байгаа ч энэ парламентын бүрэлдэхүүнтэйгээр өөрчилж болохгүй гэж харж байгаа. Төрийн түшээд гэдэг ард түмэнд үлгэр дуурайлал болох ёстой байтал ёс зүйгүй үйлдэл нь хэрээс хэтэрсэн. Ийм ёс зүйтэй хүмүүс ард түмнээ бодсон өөрчлөлт хийнэ гэж бодохгүй байна. Шүүгчийн насны босгыг нэмж байгаа, давхар дээлийн асуудлыг хязгаарлаж байгаа гээд авууштай өөрчлөлтүүд байгаа юм билээ. Шүүгчийг Ерөнхийлөгч биш ШЕЗ томилно гэж байна. Энэ заалт нэлээд эрсдэлтэй байж мэдэхээр санагдлаа. ШЕЗ-ийг одоогийн удирдлага шиг хүн удирдвал шүүх засаглалын нөхцөл байдал эрсдэлд орох аюултай. 

 

Ц.Батаа: Давхар дээл халахыг дэмжинэ

/Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хорооны иргэн/

-МАНАН бүлэглэл байгаа цагт Үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Ард түмнээ төлөөлөх үүрэг хүлээсэн хүмүүс төрийн толгойд гараад дураараа аашилж, ард түмний боломжийг хулгайлж, хувьдаа завшиж байгаа. Ийм хүмүүс төрийн жолоог авч явж чадахгүй гэж бодож байна. Үндсэн хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтөөр давхар дээлийн асуудлыг байхгүй болгоно гэж ярьж байна. Үнэхээр давхар дээлийг байхгүй болгох юм бол сайн хэрэг. Үүнийг бол дэмжиж байгаа. Шүүгчийн асуудлыг бас ярьж байна. Шүүхийн байгууллагыг бүхлээр нь өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид харлаа. АТГ, хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг сольсон. Тэглээ гээд дээрдсэн зүйл алга байна. Ардчилал гэж их ярьдаг болсон байна. Энэ бол ардчилал биш шүү дээ. Ардчилал нэрээр капитализм руу явчихсан. Ардчилал гэж гарч ирээд бүх үйлдвэрүүдийг устгасан. Бүгдийг нь эрх мэдэлтнүүд хуваагаад авчихсан. Тиймээс Үндсэн хуулиар оролдоно гэдэг нийгмийн тогтолцоогоор оролдож байгаа хэрэг. Энэ асуудалд маш болгоомжтой, нухацтай хандах ёстой. 

 

Г.Отгончимэг: Иргэдэд өгөөжтэй өөрчлөлт байгаасай

/Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны иргэн/

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь болсон гэдэгт санал нэг байна. Хамгийн гол нь тэр өөрчлөлт нь энгийн иргэдэд үр өгөөжөө өгсөн байгаасай. Үнэндээ Үндсэн хуулийн талаар мэдлэг, мэдээлэл иргэдэд байхгүй гэхэд болно. Их дээд сургуулийн оюутнуудын дунд ч Үндсэн хуулиа уншиж судалсан хүн хэр их байдаг вэ гэдэг нь сонин. Тэгэхээр Үндсэн хуулийн талаар маш сайн мэдээллийг бидэнд өгч, ийм байсан нь ингэж өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлтөөр ийм давуу тал бий болно гэдгийг нарийн тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Юу ч мэдэхгүй байгаа хүмүүсээс санал авна гэж юу байхав. Тэгэхээр эхлээд бидэнд маш сайн мэдээлэл өгөх хэрэгтэй байгаа юм. Тэгж байж ард нийтийн санал асуулга явуулах нь зөв. Тэгэхгүй бол нэг нь асуусан болж, нөгөө нь саналаа өгсөн болоод л өнгөрнө. Д.Сумъяабазар сайдын тайлбарлаж байгаагаас үзэхэд шүүгчийн насыг нэмэгдүүлж байгаа нь зөв юм шиг санагдлаа. Өөрөө амьдралын туршлагагүй хүн гэр бүлийн маргаан шийдвэрлэж, энэ нь зөв тэр нь буруу гэж яаж мэдэх юм бэ. Гэхдээ Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв байх. 27 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хугацаанд нийгэмд маш их өөрчлөлт орж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэдгийг дэмжиж байгаа. 

...Иргэд ийн ярьж байна. Иргэн Г.Отгончимэгийн хэлснээр иргэдэд Үндсэн хуулийн талаар мэдлэг мэдээлэл дутмаг гэдэг нь үнэний хувьтай болов уу. Тийм ч учраас хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээллийг хүргэж, төрд төлөөлөл болсон УИХ-ын гишүүд үүргээ биелүүлж, нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулж, тэдний саналыг авч байгаа юм. Гишүүд 76 тойрогт ажиллан, иргэдээс ирсэн саналуудыг нэгтгэн УИХ дахь Байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ гэдгийг энэ үеэр Д.Сумъяабазар сайд онцоллоо.