ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: АН-ын Зөвлөл Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-09-06

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийж, АН-ын зөвлөлийн гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй байхаар шийдсэн талаар  мэдэгдлээ. Тэрбээр “АН-ын Зөвлөлөөс УИХ-ын дарга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг өргөн барилаа. Тогтоолын төсөл өргөн барьж байгаа учир шалтгааныг олон нийт ойлгож байгаа байх гэж бодож байна.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх зөвшилцөл хэлэлцүүлгийг явцад АН-ын зарчмын байр суурь илэрхийлсэн саналуудыг УИХ-ын чуулганы үеэр  хүлээж авалгүй унагасан. 

Бид зарчмын байр суурь илэрхийлэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ардчилсан нийгмийн төлөв байдлыг төлөвшүүлэх, Үндсэн хуулиа улам сайжруулах, өнгөрсөн хугацааны алдаагаа засахыг зөвлөсөн. Хамгийн түрүүнд Монгол Улс сонгодог парламентын засаглалтай л бол Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог олон улсын жишиг рүү орох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.  Хоёрдугаарт, энэ парламентыг тогтвортой бодлоготой байлгая гэвэл улс төрийн намын төлөвшил хариуцлага байх ёстой. Улс төрийн намуудын төлөвшлийг дагаж УИХ бодлогын байгууллага болж, зөв болох замдаа орно гэж бодож сонгуулийн тогтолцооны асуудалд байр сууриа илэрхийлж ирсэн. 

Харамсалтай нь энэ мэт чухал саналуудыг өчигдөр чуулганаар хэлэлцээд, унагалаа. Тиймээс АН-ын зөвлөл цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж. Цаашид Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зөв явах уу гэдгийг бид байнга ажиглаж байх болно. Сүүлийн үед санал буцах, өөрөө өөрсдөө асуудлаа унагах байдал түгээмэл болж байна. Энэ нь Ардчилсан намтай огт хамаагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдье.  Өнөөдрийн санал хураалтыг ажиглаад сууж байхад УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг бид зарчмын хувьд дэмжсэн. Харин Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд нь томилох, “давхар дээл”-тэй байлгах асуудал нь зөвшилцлийн явцад бидний тавьсан саналтай адилхан байсан учраас дэмжсэн. 

Сая манай намын зөвлөлийг энэ мэт асуудалд санал өгөөгүй гэсэн юм ярьж байна билээ. Бид анхнаасаа л байр сууриа илэрхийлж явсан. Хуралдааныг орхиод, хэлэлцүүлэг орохгүй байгааг далимдуулаад ингэж ярьж болохгүй. Бидний өгсөн санал өнөөдөр огт тусгагдаагүй учраас хэлэлцүүлгийг орхиж байна. Одоо ганцхан л зөв, бурууг шүүх гарц үлдсэн. Ард түмэн л зөв, бурууг нь шүүнэ. Тиймээс өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан. Цаашдаа хэлэлцүүлэгт бид оролцохгүй” хэмээлээ.