ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Батдэлгэр: Шийдэл зөв бол харааны бэрхшээлтэй хүн ч “харж” чадна

O.Admin
2024-03-26

Г.Батдэлгэр бол И-Монголиа академи УТҮГ-ын Цахим ур чадварын газрын сургагч багш. Тэрбээр харааны бэрхшээлтэй иргэдэд ухаалаг төхөөрөмж болон өргөн хэрэглээний программуудыг хэрхэн  ашиглах талаар сургалт, зөвлөгөө өгдөг.

Мөн харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлж, E-Mongolia аппликэйшний 3.0 хувилбарын хөгжүүлэлт дээр ч санал зөвлөгөө өгч оролцжээ. Үүний үр дүнд  харааны бэрхшээлтэй иргэд дэлгэц уншуулах программын тусламжтайгаар E-Mongolia аппликэйшнаас бие даан лавлагаа, мэдээллээ авах боломж бүрдээд байна. Цаашид манай улс олон улсын жишгээр WCAG стандартыг нутагшуулбал харааны бэрхшээлтэй иргэдийн цахим хэрэглээ улам сайжирна гэж тэрбээр онцоллоо.

- Сүүлийн жилүүдэд цахим хүртээмжийг чухалчлах болсон байна. Тухайлбал, харааны бэрхшээлтэй иргэдийн цахим хэрэглээг дэмжихэд чиглэсэн ямар боломжууд нээгдэж байна вэ? 

-Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд, дэлгэц унших программ ашиглаж байж тухайн ухаалаг төхөөрөмжийг ашиглаж, шаардлагатай мэдээллээ авдаг. Олон улсад төрийн үйлчилгээний болон өргөн хэрэглээний платформууд, мэдээллийн сайтууд технологийн хөгжүүлэлтдээ харааны бэрхшээлтэй иргэдийн хэрэглээг ихээхэн анхаарч үздэг болсон. Үүний нэг илрэл нь вэб контентын хүртээмжийг нэмэгдүүлэх WCAG стандартыг нэвтрүүлж байгаа явдал юм.

2022 оны байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115,115 иргэн байгаагийн  11.2% буюу 12,892 нь харааны бэрхшээлтэй иргэд байна.  Эдгээр иргэд дэлгэц унших программын тусламжтайгаар бусад төрлийн веб сайт, гар утас, мэдээллийн технологийг ашигладаг.

Дэлгэц уншигч программууд тодорхой стандартын дагуу хөгжүүлсэн системүүдийн үйлдлийг дэмжиж ажилладаг. E-Mongolia 3.0 шинэчлэлээрээ ОУ-ын WCAG стандартын дагуу хөгжүүлэлт хийснээр дурын дэлгэц уншигч программ ашиглан E-Mongolia системийг саадгүй ашиглах боломжтой болсон.

Мөн сул хараатай хүмүүст зориулсан дэлгэцийн тохиргоог шинээр хийсэн. Үүний үр дүнд өнгөний контракт өөрчлөх, шөнийн горимд шилжих, үсгийн фонт өөрчлөх, хэмжээг ихэсгэж багасгах гэх мэт тохиргоонуудыг иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан хийж болдгоороо давуу талтай юм.

Энэ хөгжүүлэлтийн ажил дээр би өөрөө харааны бэрхшээлтгэй иргэдээ төлөөлж гар бие оролцсондоо баяртай байна. Бид маш их туршилт, судалгаа хийсний үндсэн дээр энэ ажлынхаа ард гарч, өмнө нь авч чаддаггүй байсан лавлагаа тодорхойлолтоо бусдын тусламжгүйгээр өөрсдөө авах боломж бүрдээд байна.

-Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн цахим хэрэглээ ямархуу хүрээнд өрнөдөг юм бол? Энэ талаар хийсэн судалгаа байдаг болов уу?

-Энэ талаар нарийн тоо судалгаа байхгүй ч, манай улсын харааны бэрхшээлтэй иргэдийн дунд цахим хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Дэлгэц унших программ ашиглан хэрэглэх боломжтой аппликэйшн, вэбсайт одоо хүртэл алга. Цөөн тооны платформ л судалгаа, туршилтын шатандаа явж байна. Ирээдүйд энэ байдал өөрчлөгдөнө гэж найдаж байна.

Мөн гар утас, компьютер гэх мэт ухаалаг төхөөрөмжүүдийг дэлгэц унших программын тусламжтай ашиглалаа гэхэд тэдгээр төхөөрөмжүүд нь дотоодод үйлдвэрлэгдээгүй учраас англи хэл дээр сонсох шаардлагатай болдог. Гэтэл англи хэлээр мэдээлэл авах боломж бас хязгаарлагдмал шүү дээ.

Харааны бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн асуудал чухлаар яригдсаар байгаа энэ үед WCAG стандартыг нэвтрүүлж, харааны бэрхшээлтэй иргэдийн цахим хэрэглээг сайжруулах шаардлагатай. Тийм учраас “И-Монгол Академи” УТҮГ-ын залуус энэхүү стандартыг бусад цахим үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хангахад анхаарч тэгш хүртээмжийг бий болгоход манлайлан ажиллахыг уриалж байгаа юм.

-Таны хувьд, харааны бэрхшээлтэй ч цахим ур чадварын багшаар ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Одоогоор энгийн хүнтэй адил бүх л төхөөрөмжүүдийг ашиглаж байна уу?

-Миний хувьд, анх 2008 оноос дэлгэц унших программын тусламжтай компьютер ашиглаж эхэлсэн. Тэрнээс өмнө цахим хэрэглээ амаргүй байсан. Анх компьютер хэрэглэж байх үед дэлгэц унших программууд ч өнөөгийн хэмжээнд байгаагүй. "Jones" гээд үнэтэй программ байдаг байсан. Түүнийг нь өөрийн боломждоо тааруулж ашиглахын тулд 40 минут тутамд компьютераа унтрааж, асаадаг байлаа. Гэхдээ хүн үнэхээр сонирхож дурлавал хүссэн зүйлээ сурдаг л юм билээ. 

Одоо бол би энгийн хүний адил лаптоп, гар утас, олон нийтийн сүлжээ ашиглаж байна.  Гаднын мэдээллийн сайтуудаас хүссэн мэдээллээ авчхаж байна. Оффисын хэрэглээний Word, Excel зэрэг программууд дээр ч ажиллаж чадаж байна.

Энэ дээр нэг зүйл онцлоход харааны бэрхшээлтэй иргэд маань ухаалаг утас хэрэглэх тал дээр ч асуудалтай тулгардаг. Одоо хүртэл товчлууртай гар утасны хэрэглээ бидний дунд түгээмэл байна. Тиймээс энэ хүмүүст ухаалаг төхөөрөмжүүд дээр хэрхэн ажиллахыг сургах нь миний хувьд хамгийн дурлаж хийдэг ажил минь болоод байна.

-И-Монголиа академийн цахим ур чадварын сургалтын талаар тодруулж асуумаар байна?

-Манай академийн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим ур чадвар олгох сургалт өнөөг хүртэл олон хэлбэрээр зохиогдож байсан. Хамрагдахыг хүссэн хүн бүр И-Монголиа академид хандахад л болно. Сургалт үнэ төлбөргүй. Бид аймаг, дүүргээр явж нэг удаагийн сургалт зохион байгуулахад үр дүн харьцангуй бага байсан учраас өнгөрсөн тавдугаар сард харааны бэрхшээлтэй таван хүнд сар гаруйн хугацаанд тусгай хөтөлбөр боловсруулж, цахим ур чадвар олгох сургалт орсон. Нэлээд үр дүнтэй байсан. Одоо ч шавь нар маань надтай эргээд холбогддог. Шавийн шавь гээд сургалтын хүртээмж улам тэлнэ гэдэгт итгэж байна. И-Монголиа академи ч энэ төрлийн сургалтаа тасралтгүй үргэлжлүүлээд явна.

Мөн өмнө нь хийдэг байсан нэг удаагийн сургалтаа ч үргэлжлүүлнэ. Тиймэрхүү сургалт, лекцээс харааны бэрхшээлтэй иргэд ядаж л мэдээлэл авна. Ийм боломж нээлттэй байгаа шүү гэдгийг тэдэнд ойлгуулж, сурталчлах нь бидний нэг том зорилго. Бид сургалтын хүрээнд E-Mongolia платформыг ашиглаж, лавлагаа тодорхойлолт авах арга болон гар утас, компьютер, компьютерын хэрэглээний программууд дээр хэрхэн ажиллахыг заадаг.

И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш Г.Батдэлгэр

-Өргөн хэрэглээний платформууд хүртээмжтэй байдалдаа анхаараагүйгээс та бүхэнд ямар сорилт тулгарч байна вэ?

-Хамгийн өргөн хэрэглэгддэг зүйл бол банкны аппликэйшн шүү дээ. Хүн өдөр бүр л ямар нэг байдлаар гүйлгээ хийдэг. Манай томоохон банкнууд хүртээмжтэй байдалдаа анхаарч байгаа ч учир дутагдалтай зүйлс байсаар байна. Заримдаа баримжаалж ашиглана. E-Mongolia аппликэйшнийг ч мөн 3.0 хувилбар гарахаас өмнө харааны бэрхшээлтэй иргэд ашиглахад хүндрэлтэй байсан. Заавал хэн нэгнээс тусламж гуйна. Яарч сандарсан үед тусламж авах хүн олдохгүй бол бүр ч хэцүү. Харин одоо бол дэлгэц уншуулах программын тусламжтай Е-Mongolia аппликэйшнаас лавлагаа, мэдээллээ төвөггүй авчхаж байна.

-Тэгвэл бусад платформын хувьд WCAG стандартыг нэвтрүүлэх нь хэр төвөгтэй ажил бол?

-Компаниуд цахим үйлчилгээний платформоо харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж илүү хүртээмжтэй болгоно гэхээр шинээр аппликэйшн бүтээнэ, эсвэл одоо байгаа аппликэйшнээ хэтэрхий “супер” болгох ёстой юм шигээр хэтэрхий хүндрүүлж боддог. Угтаа бол олон улсын жишгээр мэдээлэл тайлбараа боловсруулаад, дэлгэц унших программд танигддаг байдлаар хөгжүүлчихэд л болох юм.

Энэ стандартыг World Wide Web буюу бидний сайн мэдэх www системийг үндэслэсэн байгууллагаас гаргасан. Олон оронд түгээмэл нэвтэрсэн стандарт. Улс орон бүр энэ стандартыг өөрийн орны нөхцөл байдалдаа тохируулан ашигладаг. Бид судлаад нэвтрүүлэх юм бол энэ нь тийм ч хэцүү ажил биш. Ерөнхийдөө гурван түвшинтэй байдаг. Үүнийг тайлбарлахын тулд “Zara” брэндийн вэбсайтыг жишээ болгон татмаар байна.

“Zara”-ийн вэбсайт бол тусгай хэрэгцээт хүмүүсийг бүх талаар бодолцож хөгжүүлсэн сайт. Харааны бэрхшээлтэй, өнгө ялгадаггүй хүн болон өндөр настнуудын хялбар хэрэглээг бодолцож вэбсайтаа хөгжүүлсэн. Дэлгэц уншуулах программын тусламжтай хаана, ямар мэдээлэл байгааг, нэвтрэх товч аль хэсэгт байрласныг, зураг дээр ямар агуулга тусгасныг маш сайн тайлбарлаж өгдөг.

Өөрөөр хэлбэл, WCAG стандартын ААА түвшинд “Zara” брэнд вэбсайтаа хөгжүүлсэн байдаг. Бидний хувьд ийм өндөр түвшний хөгжүүлэлт гэхээсээ илүү өргөн хэрэглээний аппликэйшнүүд, вэбсайтууд АА түвшинд байхад л хангалттай мэдээлэл авах боломжтой.

Зурган мэдээллийг хүртэл агуулгыг нь оруулчихвал дэлгэц унших программ ийм зураг байна гээд хэлээд л өгдөг. Хэрвээ тэр мэдээллээ дутуу оруулчихвал зураг байна л гэж хэлдэг. Тэгэхээр бүрэн гүйцэт мэдээллээ оруулах шаардлагатай. Мөн мэдээллийн технологийн салбар маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед манай улс ч WCAG стандартыг олон улсын жишгээр, албан ёсоор нутагшуулах хэрэгтэй гэж бодож явдаг. Тиймээс бодлого тодорхойлогчид, мэдээллийн технологийн салбарынхан, бизнес эрхлэгчид WCAG стандартыг баталж хэрэгжүүлэхэд ач холбогдол өгөөсэй гэж хүсэж байна. Оновчтой шийдлийг ажил хэрэг болгож чадвал харааны бэрхшээлтэй хүн ч “харж” чадах технологийн эрин үед бид амьдарч байна.

Т.Амаржаргал