ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Гадны иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болголоо

O.Admin
2024-04-11

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн хамгийн их анхаарал татаж, олны дургүйцлийг хүргээд байсан “Гадны хөрөнгө оруулагч нар болон гэр бүлийнхэнд нь” 15 жилээс дээш хугацаагаар газар эзэмшүүлэх асуудлыг оруулсан хуулийн заалт байсан юм. Тэгвэл энэхүү заалтыг өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болгож, 51.2 хувийн саналаар гишүүдийн олонх нь дэмжжээ. Иймд тус хуулийг эцэслэн батлуулахаар УИХ-ын эдийн засгийн байнгын хороо руу шилжүүлсэн байна.

Энэхүү хуультай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг “Хөрөнгө оруулалтын тухай хуульд  өөрчлөлт оруулах гол зүйл бол Үндсэн хууль болон Газрын тухай хуультай зөрчилдсөн заалтууд буюу хууль хоорондын зөрчлийг арилгаж  байгаа явдал” гэв. Харин УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Гадаадын иргэнд газар 100 жилээр эзэмшүүлэх заалтыг УИХ-ын олон гишүүн эсэргүүцэж байгаа. Газар тариалангийн бизнес эрхлэгчид, мөн манай нутагт газар эзэмших эрхийг 15 жилээр сунгадаг.

Миний хувьд эсэргүүцэж байгаа. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын босго тавьсныг байхгүй болгохоор тусгасан. Үүнийг харж үзэх ёстой. 100 мянган ам.доллар бол стратегийн ач холбогдолтой салбарт бага мөнгө. Иймд хөрөнгө оруулагчдад хаалгаа нээе гэж байгаа бол  босгоо намсгаж байгаа юм байна гэж ойлголоо” гэв.