ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Туваан: Эмийн компаниуд төрийн бүх байгууллагад төлөөллөө томилжээ

O.Admin
2024-04-16

Эмийн сонсгол Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлж байна. Энэ сэдвийн хүрээнд дуудагдсан гэрч байхгүй бөгөөд Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонсголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авч байна. 

Эм ханган нийлүүлэх компани болон төрийн албан тушаалтнуудын хоорондын хамаарлыг ЭНД дарж танилцах боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн төлөөллийн талаарх мэдээлэл харагдлаа. 40 гаруй эмийн үйлдвэрийн 50 хувийнх нь төлөөлөл төрийн өндөр албан тушаал хашиж буй хүмүүс байна. Эм ханган нийлүүлэх байгууллагын 27 хувь, 2000 гаруй эмийн сангийн 17 хувь нь төрийн албан тушаалтантай хамааралтай байгаад гайхаж байна. Хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь салбарын яам, ЭМДЕГ, ХЭЗ, ЭЭХХЗГ-уудад байна. Хүн өөрийнхөө компанид л давуу байдал олгоно биз дээ. Өөрийнхөө компанийг хянан шалгана гэж юу байдаг юм бэ. Эмийнх нь чанарыг шалгадаг байгууллагуудад ч олон байна.

Арай дэнджээ. Ашиг сонирхлын мэдүүлэг бөглөсөн байдлыг хянаж үзсэн үү. Том компаниуд төрийн бүх шатны байгууллагуудад аалзны тор шиг төлөөллөө томилчихсон байдалтай байна. Үүнийг үргэлжлүүлэн шалгамаар байна. Эмийн үнэ өссөн шалтгаан энд байна. Ядарсан ахмадууд тэтгэврийнхээ 3/1-ийг эмэнд өгдөг байсан бол одоо 50 хувь руу орж байна. Засгийн газраас тэтгэвэр нэмсэн ч, түүнийгээ эдгээхгүй, чанаргүй эмэнд өгөөд байгаа юм байна. Сайдаасаа эхлээд хянаж шалгадаг байгууллагад энэ компаниудын төлөөлөл орчихжээ. 

Шинжээч:

-Хамаарал бүхий албан тушаалтнуудын дунд хуульд заасны дагуу ашиг сонирхлын мэдүүлэг өгөх албан тушаалтнууд байгаа. Мөн бүртгэлийн шинжээч нар тухайн үйл ажиллагаанд орохын өмнө заавал бүртгэдэг. Бидний гаргасан судалгаанд үндэслэн хуулийн байгууллагууд тухайн хамаарал бүхий ААН-ээрээ тухайн байгууллагаас зарласан хэдэн тендерт хэн яаж оролцсон, ямар өртөгтэй хэдэн тендер авсан талаар үргэлжлүүлэн шалгах боломжтой.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Түр хороонд хүчний байгууллагуудын төлөөлөл орж байгаа. Энэ асуудлыг шалгая. Цаг нөгцөөж суух биш, маш хүнд шалгагддаггүй асуудлыг гаргаж ирэх ёстой. Үр дүн гарах ёстой. Эмийн үнэ, албан тушаалтнуудын хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон эсэх байдлыг хянах хэрэгтэй