ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Жавхлан: Та нараас аймаар ичиж байна, ширнүүд ээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-д тавьсан нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Чуулган хуралдаж эхэлснээс хойш нийт хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Тэгвэл яг одоо үргэлжилж байгаа чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ярьж дууслаа.

Хуралдаанд нийт 57 гишүүн оролцсон бөгөөд 42 нь холбогдох байнгын хорооноос гаргасан Д.Дамба-Очир гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг дэмжлээ. Өөрөөр хэлбэл, 73.7 хувийн саналаар түүнийг авч үлдэв. УИХ-ын тогтоолыг ч мөн гишүүдийн олонхи дэмжлээ. Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн С.Жавхлан үг хэлсэн юм. Тэрбээр, “Албан тушаалаа булаацалдаж шөнөөр хуралдаж байна. Нэг хэсэг нь 60 тэрбумтнаа хамгааллаа.

Нөгөө хэсэг нь авлигачдаа хамгаалж байна. Есөн удаа хойшилчихоод 10 дахь удаагийн хурлаа хар даа, та нар. Албан тушаалаа шөнөөр хэлэлцэж байна. Гэтэл утаа, агаарын бохирдлоо хар. Ээжүүд уйлж байна. Хүүхдээ тэврээд уйлж байна. Энийг хэзээ хэлэлцэх вэ. Шөнө 4.00 цагт хэлэлцэе ээ.
 

Их хурлын дарга аа та нэг хурал зарлаач. Хамар нь хорсож байгаа нь нэг л өдөр сайхан болно доо гэж итгэж байгаа олон хүн байгаа шүү. Энэ бүхнийг бодохгүй бол бүгд зайлцгаа. Та нараас аймаар ичиж байна, ширнүүд ээ” хэмээн бухимдав. Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан байнгын хороод болон дэд хорооны дүгнэлтийг танилцуулж байна. Мөн УЕП-ын саналыг Ерөний прокурор М.Энх-Амгалан танилцууллаа.

Б.Тогтох