ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

И.Энхбат: Лабораторийн шинжилгээний хариунд эргэлзэх шаардлагагүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-01-27

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 1.3 сая иргэн  В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдсанаас 10 орчим хувь нь С, найман хувь нь В вирусийн халдвартай гэх мэдээллийг албаныхан өгсөн билээ. Тэгвэл вирус тодорхойлох эрхтэй  28  лабораторид хяналт шалгалт хийхэд 15 нь чанарын шаардлага хангаагүй гэдэг асуудал үүслээ. Үүсээд буй асуудлаар ЭМДЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга И.Энхбаттай ярилцлаа. 

-Элэгний В, С вирус тоолдог лабораториуд чанарын шаардлага хангаагүй гэдэг асуудал яригдлаа. Энэ талаар эхлээд мэдээлэл өгөөч? 

-Бид 2019 онд 28 лабораторид гадаад чанарын хяналт шалгалтыг хийсэн. Лабораториуд маш нарийн технологитой байх ёстой бөгөөд  яамнаас тусгай зөвшөөрлөө авдаг.  Ерөнхийдөө жил бүр 2-3  удаа гадаад чанарын хяналтад хамрагддаг юм. 2018 онд гэхэд л Австралийн гадаад чанарын хяналтад орохоос гадна манай улсын лавлагаа лаборатори буюу ХӨСҮТ-ийн хяналтад ч ордог. Мөн  дотоод  чанарын хяналт гэж бий. Үүнийг  лабораториуд өдөр тутамдаа хийдэг. Эдгээр 28 лабораториудад Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар манай байгууллага төрийн болон  хамтран ажилладаг байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх боломжтой учраас  бүх лабораторийн төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж гадаад чанарын хяналтыг хийлээ.  Ингээд нийт 28 байгууллагаас 13 лаборатори нь ямар нэгэн  зөрчилгүй гэж үзээд элэгний В, С вирус тоолох үйл ажиллагаагаа хэвийн үргэлжилүүлж байна. Харин 15 лабораторийн тухайд тодорхой хэмжээний зөрчил байсан учраас түр түдгэлзүүлсэн. Үүнээс гурав нь хүний нөөц, мэргэжлийн эмчгүй, зарим технологи, ЭМДЕГ-ын сонгон шалгаруулалтад оролцохдоо ашиглаж байсан тоног төхөөрөмжөө сольсон гэх мэтчилэн зөрчлүүд илэрлээ. Харин бусад лаборатори нь түр түдгэлзүүлэн, албан шаардлага хүргүүлсэн. Тэд илэрсэн зөрчлөө арилгаж, дахин  техник, технологийн шинэчлэл хийгээд гадаад чанарын хяналтад хамрагдах ёстой. Дахин хүсэлтээ явуулсан тохиолдолд дүгнэлтийг нь үндэслэн ЭМДС-гаас элэгний В,С вирусын идэвхжил  тодорхойлох шинжилгээ хийлгэх эрхийг нь олгож байгаа юм. 

-Одоогоор эрхээ сэргээл­гэ­сэн хэдэн лаборатори хэ­вийн ажиллаж байгаа вэ?

-“Протлаб”, “Мед аналитик”, “Гялс” анагаах ухааны төвийн лабораториуд  технологийн шинэчлэлээ хийж,  зөрчлөө арилгаснаар эрхийг нь сэргээсэн. Тэгэхээр нийтдээ 16 лаборатори улсын  хэмжээнд элэгний вирус тоолж байгаа гэж ойлгож болно. 

-Зөрчлөө арилгаагүй лабораториуд үйл ажил­лагаагаа явуулахгүй байгаа гэсэн үг үү?

Үгүй. Тухайн лабораториуд ажиллаж байгаа. Гэхдээ зөвхөн элэгний В,С вирус тоолох буюу манай даатгалын сангаас санхүүжүүлэх арга хэмжээ түр түдгэлзсэн. Бусад чиглэлээр ажиллана. 

-Лабораториудын эрүүл мэндийн үйчилгээ үзүү­лэх эрхийг нь цуцалж бол­доггүй юм уу?

-Манайх лабораторийн эрхийг цуцлах шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Сонгон шалгаруулалтад тэнцсэн лабораториудаа зөрчил гаргасан тохиолдолд түр  түдгэлзүүлдэг. 

-Шалгалт хийгээд зөрчил илэрчихээд байхад нуусан,  хав дарсан  гэдэг асуудал  гараад  байгаа. Шалгалт хийсний дараа олон нийтэд яагаад мэдээлээгүй юм бэ? 

-Лабораториудын шал­гал­тыг  өнгөрсөн оны 6-7 сард хийсэн. Албан ёсоор өөрийнхөө байгууллагын веб­сайтад эдгээр лабораториуд гэрээгээ үргэлжүүлэн вирус тоолж байгаа талаарх  мэдээл­лээ байршуулна. Бусдад нь шалгалт хийж байгаа гэдгээ мэдээлсэн. Мөн ЭМЯ-нд албан ёсоор танилцуулсан байгаа. Одоо ч гэсэн мэдээлэл нээлттэй. 

-Чанарын шаардлага хангаагүй лабораториудад шинжилгээ өгч, вирусээ тоолуулсан иргэд дахин шинжилгээнд хамрагдах боломжтой юу. Энэ талаарх мэдээлэл гарснаас хойш иргэдийн дунд ч эргэлзээ үүссэн?

-Ер нь бол лабораториуд  жилдээ 2-3 удаа гадаад чанарын хяналтад ордог талаар хэлсэн шүү дээ. Тухайн шинжилгээний хариу хэм­жээ­нээсээ хэтэрсэн, хэтрээгүй гэдэг тодорхой интервал байдаг. Тухайлбал,  өнгөрсөн жил  нь гадаадад хянал­тад хамрагдаад интервалынхаа хэмжээнд шинжилгээний хариугаа гаргаж байгаа  л  бол болж байгаа гэсэн үг.  Иргэд эргэлзэх зүйл байхгүй. Аливаа зүйл 100 хувь байна гэж үгүй.  Гэхдээ 100 дотор нэг эсвэл  хоёр удаа өөрчлөлт  байж болно шүү дээ.  Лаборатори гэдэг бол маш нарийн  байдаг учраас өөрчлөлт гарвал засаад,  шийдэх тохиолдол бий. Тэрнээс биш 90 мянган хүний  В,С вирусийг нийтэд нь буруу  тоолно гэдэг асуудал гарахгүй. 

-Эргэлзээтэй гэж үзсэн хүн төлбөрөө нэхэмжлэх боломжтой юу? 

-Эргэлзсэн хүмүүс мөнгөө нэхэмжлэх боломжгүй. Яагаад гэхээр нэгэнт лабо­раториудын хийсэн тус­ламж үйлчилгээг манай байгуул­лага хянаад, боломжтой байна гээд санхүүжилтийг нь өгчихсөн. Өөрөөр хэлбэл, даатгалын  сангаас  тухайн иргэний өмнөөс мөнгийг нь төлчихсөн шүү дээ. Харин миний хэлсэн гурван лаборатори зөрчилтэй байсан  учраас тухайн мөнгөө даат­галын сан буцааж өөрийн­хөө санд авахаар болж улсын байцаагчийн актыг үндэс­лэн нэхэмжлээд явж байна. 

-Вирусгүй байсан хүнийг  вирустэй гэж оношлоод эдийн засаг,  эрүүл мэндээр нь хохироосон гэсэн асуудал гарлаа. Нөгөө  талаас вирустэй хүнийг  вирусгүй гэж оношилсон талаар ч мэдээлэл гарчихлаа. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Тэр асуудлыг тухайн эх сурвалжаас нь асуух хэрэгтэй байх. Ер нь бүх зүйл 100 хувь төгс  байна гэж үгүй. 100 мянган  хүнийг тооллоо гэхэд 1-2 тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Тийм гомдолтой иргэд манайд ханддаг. Гомдлын дагуу шалгаж үзээд,  өгсөн.   

-Энэ мэдээлэл гарснаас хойш шинжилгээний хариу зөрсөн гэсэн гомдол ер нь ирсэн үү?

-2-3 өргөдөл ирсэн. Түүнийг шалга гэдэг чиглэлийг холбогдох  мэргэжилтэнд шилжүүлсэн.

-ЭМДЕГ-аас гэрээ бай­гуул­сан гэдэг утгаараа тэд­гээр лабораториудад дан­гаараа шалгалт хийж байв уу. Ер нь ямар шаардлага тавьж сонгон шалгаруулалт хийсэн бэ? 

-Тухайн лабораториудын  үйл ажиллагаа нь гадаад чанарын хяналтад хамрагдаад  зөвшөөрөгдсөн  байх ёстой гэдэг  шаардлага тавьж байгаа. Эдгээр лабораториуд ЭМЯ болон НЭМГ-аас лабо­раторийн тусламж үйл­чилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авсан  хувийн  хэвш­лийн  болон  төрийн өмчийн  эрүүл мэндийн байгуул­лагууд  байдаг. Эдгээр эрүүл мэндийн  байгуул­лагуудыг ЭМДЕГ сонгон шалгаруулалт зарлаж, тэнцсэнтэй нь гэрээ байгуулсан юм.

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжээнд бага­гүй хугацаа өнгөрчээ. Хэрэгжилттэй холбоотой мэдээлэлгүй иргэд олон байгаа. Хэрхэн хамрагдах талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг тусгаж батал­сан. ЭМЯ, ХНХЯ, ЭМДЕГ, Эрүүл мэндийн байгуул­лагуу­дын оролцоотой энэ­хүү хөтөлбөрийг улсын  хэм­жээнд зохион байгуулж бай­гаа. Одоогоор уг хөтөл­бөрийн хоёр дахь үе шат хэрэгжиж байгаа бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Энэ хүрээнд 2019 оны наймдугаар сарын ДЭМБ-ын  үнэлгээгээр Монгол Улс уг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа гэдэг дүгнэлт өгсөн.  “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг ЭМДС 100 хувь санхүүжүүлдэг. Ил­рүү­лэг шинжилгээнд өн­гөр­сөн онд сая гаруй ир­гэн хамрагдсан байдаг. Энэ хүрээнд ЭМД-аар даатгуулсан 15-аас дээш насны бүх иргэн элэгний B, С вирусийн илрүүлгийн шинжилгээнд хамрагдах ёстой. Энэ шинжилгээг улсын  хэмжээний бүх  сум, дүүргийн эрүүл  мэндийн төвөөр дамжуулаад хийлгэх бүрэн боломжтой юм. Тухайн иргэн сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төвд илрүүлэг шинжилгээнд хамрагдаад, эерэг гарсан тохиолдолд шууд мэргэжлийн  эмчээс зөвлөгөө авна. Ингээд В, С вирусээ тоолуулах шаардлагатай гэвэл тоолуулна. Эмчийн хяналтад орж, элэгний В, С вирус  тоолж буй лабораторид хандаж тоолуулах шинжил­гээг өгөх боломжтой юм. Харин сөрөг  буюу эрүүл гарсан тохиолдолд тухайн иргэнд өрхийн болон сумын эрүүл мэндийн  төвийн эмч цаашид  элэгний вирусийн халдвар авахгүй байх талаас нь зөвлөгөө өгч байгаа. Харин сул эерэг буюу эргэлзээтэй гарсан тохиолдолд баталгаа­жуулах шинжилгээг хоёрдахь шатны эмнэлгүүдэд хийлгэнэ. Эдгээр эмнэлэгт хийж буй баталгаажуулах шинжилгээг 5000-10000 төгрөгийн зард­лаар өрхийн эрүүл мэндийн төв, аймаг,  дүүргийн  нэгдсэн эмнэлэг, БОЭТ-дэд баталгаажуулах шинжилгээг хийнэ. 

-Энэ  хугацаанд илрүүл­гийн шинжилгээнд хэчнээн төгрөг зарцуулсан бэ?    

-2017 онд ЭМДС-гаас нийт 6.6 тэрбум төгрөгийг элэгний В, С вирус тоолсон лабораториудад зарцуулсан. Харин 2018 онд 6.4 тэрбум төгрөг байсан бол 2019 онд 7.2 тэрбум төгрөг тус тус зарцууллаа. Иргэд эдгээр лабораториудад эмчлэхийн өмнө, эмчилсний дараа хоёр  удаа тоолуулах эрх нь нээлт­тэй. Хоёр удаа тоолуулах сан­хүү­жилтийг ЭМДС-гаас 100 хувь олгож байгаа гэд­гийг ойлгох хэрэгтэй юм. Бүрэн автомат тоног төхөө­рөмжтэй лабораторид тухайн иргэн В,С вирусээ хоёр удаа тоолуулахад  тус бүр  нь 120 мянган төгрөг гэж тооцоход нийт 480 мянган төгрөгийг иргэдийн өмнөөс төлсөн гэсэн үг. Гэхдээ лабо­раториудад урьдчилсан байд­лаар санхүүжилт олго­дог­гүй. Өөрөөр хэлбэл, тухайн иргэний вирусийн идэвх­жилийг тодорхойлсны дараа манайд нэхэмжлэхээ өгч байж хянуулдаг журамтай. 

-Эмчилгээний тухайд?

-Манай улсын  хэмжээнд жилдээ  хавдрын өвчлөлөөр 4400-5000 орчим иргэн нас бардаг гэсэн тоо бий.  Үүнээс элэгний хавдрын өвчлөл  хамгийн өндөр үзүүлэлттэй байдаг. Тухайн иргэний элэгний  B, С вирусийг  илрүүлээд баталгаажуулан,  тоолуулсны дараа эмчлэх асуудал гарна. Мөн л  эмчилгээний зардлыг  ЭМДС-аас санхүүжүүлдэг гэсэн үг. Тэгэхээр  нийтдээ  2017 онд 11.3 тэрбум, 2018 онд 11.8 тэрбум, 2019 онд 7.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Энэ нь тухайн иргэний вирусийн их бага,  биеийн байдлаас шалтгаалан 3-6 сар, 6-12 сар уух тохиолдол бий.  Нэг хайрцаг тун буюу  нэг сар уух эмэнд ЭМДС-аас 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлтөөр  ямар ч хугацаанд ууж болно. B вирусийн  эм ч ялгаагүй.