ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг хуудсыг нь ч нээж хараагүй гэх Сонгуулийн хуулийг УИХ-ын дарга хойшлуулав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-04-06

УИХ дахиад дуулиан дундуур далимдуулан хуулийн хулгай хийх гэж байна гэх шүүмжлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд өрнөсөн. Тодруулбал, Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Т.Бадамжунайг Филиппин улсаас авчрах ажиллагаа өрнөж байх зуур Сонгуулийн тухай хуулийн төслийг араар нь УИХ-д сэмээрхэн өргөн барилаа гэх шүүмжлэл өрнөсөн билээ.

Тэгвэл нэн яаралтай горимоор хэлэлцэх УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон АН-ын бүлгээс өргөн барьсан хоёр хуулийн төслийг ирэх долоо хоног хүртэл хойшлуулах шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа.

Тэрбээр, “Өглөө нь өргөн барьсан хуулийг өдөр нь Байнгын хороо хэлэлцэж болохгүй. Гишүүдийг хуулийн төсөлтэйгөө танилцах боломж бүрдүүлж ирэх долоо хоног хүртэл хойшлуулж байна. Уг нь энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан ч хойшлуулахаас өөр аргагүй. УИХ асуудлыг нухацтай авч хэлэлцэх ёстой юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг тус, тусдаа хуулийн төсөл өргөн барьсан.

Олон нийт буруу ойлголттой байна. Шууд ч олон нийтээр хэлэлцүүлэхгүй хуулийн төсөл оруулаад ирдэг юм байна гэж. УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд зааснаар “Засгийн газраас нэн яаралтай горимоор оруулж ирсэн хуулийн төсөлд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах шаардлагагүй. Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагыг биелүүлсэн эсэхийг Хуульзүй дотоод хэргийн сайд хянаад УИХ-д өргөн мэдүүлнэ” гэж заасан байдаг. УИХ-ын Тамгын газарт хянах эрх байдаггүй. Нэн яаралтай оруулж ирсэн бол дараалал харгалзахгүй хэлэлцдэг.

Хоригоос хойш энэ хуулийн заалтыг хэрэглэхгүй. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, хууль санаачлах эрх бүхий этгээдүүд нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн асуудал тавихгүй шүү гэдгийг өмнө анхааруулсан шүү дээ. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Тиймээс Сонгуулийн тухай хуулийг гишүүд уншиж, хариуцлагатай хандах ёстой. Нэн яаралтай гээд давхиад байж болохгүй” хэмээлээ.

Угтаа цаашдаа ард түмний мэдэх эрхийг хангахгүйгээр хуулийн төсөл оруулж ирэхгүй байх, ард нь гарах үр дагаврыг тооцохгүйгээр түүхий хууль өргөн барьж, түүнийхээ хамгаалж чадахгүй хоригт оруулдаг, тэр хэрээр УИХ-ын нэр хүндийг унагахгүй байх ёстойг УИХ-ын дарга Г.Занданшатар нам бүлгийн гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд сануулав.

Өргөн барьсан хуулийн төслөө ч уншаагүй атлаа түүнийг хэлэлцэнэ гэдэг ард түмний мандатыг өвөртөлж суугаа улстөрчдийн хувьд дэндүү ёсзүйгүй асуудал. Тэр тусмаа ирэх сонгуулиар хэн энэ танхимд ямар эрх үүрэг хүлээж орж ирэх, ард түмний төлөөллийг хэрхэн хангах, тойргийн системийг яаж ямар байдлаар хуваарилах вэ гэдгээ ярих хариуцлагатай асуудалд нэг даргын суудлыг өөрчлөх төдий асуудал шиг хөнгөн гоомой хандсанд шүүмжлэлтэй хандан, хэлэлцэх асуудлын дарааллаас хасаж, ирэх долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Энэ хугацаанд УИХ-ын гишүүд хоёр тусдаа орж ирсэн хуулийн төсөлтэй танилцаж, тэднийг нэгтгэж нэг хэлэлцэх үү, ямар заалт нь зөрчилтэй байгаа, түүнийг хэрхэн нэгтгэх вэ гэдгээ ярилцаж шийдээд орж ирэх боломж бүрдэх нь ээ. УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд “Зөвлөлдөх ардчилал” буюу олон нийтийн дуу хоолойг төрд зөвлөлдөх зарчмаар хүргэх системийг тун амжилттай нутагшуулсан. Олон ч хуулийн төсөл тэр дундаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ системээр хэлэлцэж, амжилттай үр дүнд хүрсэн. Тийм учраас нэг ч иргэний дуу хоолойг сонсохгүйгээр, эс бөгөөс нэг улстөрч уншихгүйгээр хуулийн төсөл оруулж ирдэг асуудлыг цаашдаа хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бухимдсан нь талархууштай үйлдэл боллоо.