ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Сайд Г.Сайханбаяр, Н.Учрал нар Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллалаа

O.Admin
2023-04-11

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллалаа.

Монгол Улсын Их хурлаар 2021 онд батлагдаж 2022 оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Кибер аюулгүй байдлын тухай хууль, 2022-2023 оны заагт Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан Кибер аюулгүй байдлын Үндэсний стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж, цаашид яам, агентлаг, командлалын түвшинд хамтран ажиллах боломжуудыг судлах зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал албаны бүрэлдэхүүний хамт Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Кибер аюулгүй байдлын цэргийн командлалд ажиллаж, үйл ажиллагаатай нь танилцсан юм.

Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “Миний бие УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Кибер аюулгүй байдлын тухай хуулийг батлуулахад ажлын хэсгийг ахалсан. Энэ хууль батлагдсанаар кибер аюулгүй байдлын эрх зүйн орчны үндэс тогтолцоо хуульчлагдсан. Өнөөдөр бид Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан КАБЗ, КАБЦК-тай хэрхэн хамтарч ажиллаж үндэсний хэмжээнд кибер аюулгүй байдлын орчноо сайжруулах вэ гэдэг чиглэлээр ярилцлаа. ЦХХХЯ-ны хувьд КАБЗ-ийн ажлын албыг ахалдгийн хувьд хүний нөөцийг бэлтгэх талаар БХЯ, ЗХЖШ, ҮБХИС-тай хамтарч ажиллана. Мөн олон улсад зөвшөөрөгдсөн программ хангамж, лиценз, тоног төхөөрөмжийн шинэчлэл, гадна дотнын төсөл хөтөлбөрүүдийн уялдаа, холбоог хэрхэн хангах вэ гэдэг дээр хамтарч ажиллахаар болж, тодорхой шийдэлд хүрлээ. Үндэсний ауюлгүй байдлын томоохон бүрэлдэхүүн хэсэг болсон Кибер аюулгүй байдлын орчныг сайжруулахад монгол төр уялдаа холбоог илүү хангаж ажиллах нь чухал. Тийм ч учраас БХЯ, ЗХЖШ олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, ауюлгүй байдлын бодлогыг хангах чиглэлээр дэвшилттэй ажиллаж байгаа. Цаашид бид ажлуудаа уялдуулж, илүү нягт хамтарч ажиллана” гэж онцолсон юм.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үндсэн элементийн нэг нь кибер аюулгүй байдлын асуудал. Дэлхийн улс орнуудын өөрчлөлт, шинэчлэлт хамгийн түрүүнд цахим орчинд явагдаж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин Кибер аюулгүй байдлын цэрэгтэй болоод 3 жил болж байгаа. Энэ хугацаанд ЦХХХ-ны яамтай нягт уялдаатай хамтарч ажилласан. Кибер аюулгүй байдлын хууль эрх зүйн орчин бүрэлдсэн, үндэсний стратегитай болсон, Кибер ауюлгүй байдлын цэргийг ашиглах үзэл баримтлал төрөөс батлагдсан. Бидэнд хууль эрх зүйн хувьд бүх үндэс бүрдсэн. Одоо бид кибер аюулгүй байдлын цэргийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, энэ хүрээнд эхний ээлжид техник, тоног төхөөрөмжийн хангалт хийгдэх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар КАБЦК үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна. ЦХХХ-ны сайд ирж ажиллаж байгаа нь Цахим засаг, Цахим яам болох төрийн бодлогын хүрээнд, мөн яамд, командлалын ажлын уялдаа холбоог шинэ шатанд гаргах, кибер аюулгүй байдлын цэргийн ирээдүйн хөгжлийг тодорхойлоход чухал арга хэмжээ боллоо. Үндсэндээ КАБЦК-ын хийж хэрэгжүүлсэн ажлууд, ойрын болон хэтийн төлөвлөлт, хөгжлийн бодлогыг танилцуулж, кибер аюулгүй байдлын цэргийг хөгжүүлэхэд санал нэгдлээ” гэлээ.